Канад улсын иргэн, 22 настай Мари Кристан Монголоор унадаг дугуйтай аялахаар болжээ. Тойрон аялал 30 хоногийн хугацаатай. Түүнийг монголчуудад таниулсан хүн бол Б.Оюунбат. Тэрбээр Бээжин хот руу ажлаар зорчоод буцахдаа галт тэргэн дотор Маритай танилцжээ. Мари түүнд өөрийгөө танилцуулаад хүсэл мөрөөдлийнхөө талаар хэлсэн байна. Бас мөнгө багатай яваа ч Монгол Улсыг 30 хоногийн дотор туулах хүсэлтэйгээ хэлжээ. Мари Монголоор аялсны дараа Хятад руу буцаж, гэр рүүгээ явах аж. Мөн замдаа Казахстан, Турк, Гүрж, Европ, Морокко улсаар дайрч гарахаар төлөвлөөд байна. Түүнийг хэрхэн аялах гэж буй талаар Маригийн анхны монгол найз Б.Оюунбаттай ярилцлаа.
-Та Маритай хэрхэн танилцсан бэ?
-Би Бээжин рүү ажлаар яваад буцахдаа Маритай танилцсан.
-Мари удахгүй замд гарах гэж байгаа гэсэн. Аялах төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Мари өнөөдөр аялалдаа гарах байх. Өчигдөр явах байсан ч аяллынхаа төлөвлөгөөг гаргаж амжсангүй. Бас унадаг дугуйгаа сэлбэж, зассаар байгаад цаг авлаа. Ер нь Мари унадаг дугуйгаар Улаанбаатараас Ховдын боомт хүртэл явах юм билээ.
-Марид монголчууд хэрхэн тусалж байгаа бол?
-Одко гэдэг залуу унадаг дугуй үнэгүй өгсөн. Би гэртээ байрлуулаад, хоол унд өгч байна. Мөн гадуур явахад нь газарчлан хэлний тал дээр тусалж байгаа.
-Та хажууд нь байгаа хүний хувьд сэтгэгдлийг нь сонсч байгаа болов уу. Өнгөрсөн хугацаанд хэрхэн аялсан талаар нь сонирхож асуусан уу?
-22-хон настай охин ганцаараа гадаадаар аялах нь бидэнд амаргүй юм шиг санагдах ч Мари тэгж бодохгүй байгаа. Хүн хүсэл зорилгодоо хүрч болдгийн жишээг харуулж байна. Бид 22 настай охин ингэж аялах талаар төсөөлж ч чадахгүй шүү дээ. Бас том гүрний иргэн болохоор л зоригтой байна даа гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ монгол хүн Канадад явахад ингэж туслах хүн олдох эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан бид түүнд чадахаараа тусалж байна
-Хөдөөний иргэд зочломтгой. Түүнийг аялахад нь мөн л халуун дотноор хүлээн авах байх гэж бодож байна.
-Мари Бээжингээс Эрээн хот хүртэл хоёр сар явган явсан. Тэгж явахад нь ганц, хоёр хятад айл тусалсан юм билээ. Гэхдээ өвөрмонголчууд их тусалсан талаар ярьж байсан. Тийм болоод ч тэр үү “Монголчууд үнэхээр тусархуу юм байна” гэсэн шүү.
-Марид бэлэн мөнгө байгаа юу?
-Түүний зорилго нь бага мөнгө зарцуулж аяллаа дуусгах шүү дээ. Түүнээс биш мөнгө төгрөг байлгүй яах вэ. Тэгээд Хятадын дэд бүтэц нь сайн хөгжсөн болохоор алхаж болоод байгаа юм. Дээрээс нь цаг агаарын хувьд Монголоос ялгаатай. Харин Монголын хувьд эрс тэс уур амьсгалтай. Хоёрт цаг хугацаанд хавчигдаад байгаа юм. Канадын иргэд Монголын нутаг дэвсгэрт 30 хоногийн турш визгүй байх эрхтэй. Энэ хугацаанд багтааж Ховд ороход явган явж болохгүй учир унадаг дугуй авсан.
-Хоол ундандаа хэр вэ?
-Хятад хоол идэж байсан болохоор монгол хоолыг амтархан идэлгүй яах вэ.
-Та түүнд одоо туулах зам Хятадаас өөр, бартаа, эрсдэлтэйг хэлсэн үү?
-Хэлсэн. Болж өгвөл замдаа автомашинд дайгдаарай гэсэн чинь заавал унадаг дугуйгаараа явна гэсэн. Бүр явган явмаар байна гэсэн шүү.