Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” маргааш Налайх дүүрэгт болно.
Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм.Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай аж.
Энэ сарын 24-нд Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурах бол 25-нд Энэтхэгийн Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурхны ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль ном айлдаж сүсэгтнүүдэд замбага цэцэг, гүш өвс, зангиа, тууз зэргийг тарааж зүүдээ манаж хонох сургаал тайлбарлана.Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншлаганд ван хүртэх юм. Күндэлин Ринбүчи энэ өдөр сүсэгтэн олонд зориулж “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдахаас гадна бумбаны тахилга үргэлжлэн хурна.
Харин энэ сарын 26-нд “Ямантак” бурхны авшиг ван хүртээхийн зэрэгцээ бумбаны эздэд зориулж Ламын Чодбын “Чогчэд” өргөх уншлага болж тахигдсан бумбануудыг эздэд нь өгөх юм. Ийнхүү гурван өдрийн бумба тахих буян номын үйл ажиллагаа сүсэгтэн олонд зориулсан Улаанбаатар чуулгын хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөх юм байна.