Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар барилгын компаниудад гэнэтийн шалгалт хийж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, хэрэгжилтийн байдалтай танилцжээ.
Тодруулбал, уг шалгалтад “Номин” констракшн компанийн “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view “, иргэн Төмөр-Очир нарын барилгын талбайгаар гэнэт зочилсон юм. Өөрөөр хэлбэл,”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжих гэж байгаатай холбогдуулан хийсэн энэхүү шалгалтаар дээрх нэр бүхий компаниуд зөрчил дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдож цаашид зөрчилгүй ажиллах тал дээр анхаарч ажиллахыг албаныхан сануулсан юм.
Тодруулбал, “Жигүүр гранд” группын “River garden” хотхон Аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангаж ажиллаж байгаа ч Туул голын сав газар барилга барьж байгаа учраас урт хугацааны чанар, баталгаандаа анхаарч ажиллахыг сануулсан юм. Д.Цогтбаатарын сайдын хэлж буйгаар “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдсэн, удахгүй батлагдах болно. Тус хуулинд барилгын баталгааг гурван жил байсныг 40-60 жил болгож өөрчилсөн учраас иргэдийгчанартай, эдэлгээ даах байраар хангах ёстой” хэмээн сануулсан юм.
Харин “Park view”хотхоныг барилгын аюулгүй байдлыг зөрчсөн хэд хэдэн дутагдал байгааг анхааруулж, долоо хоногийн дотор зөрчлүүдээ арилгаж шалгуулах үүргийг өгсөн юм. Ямартай ч салбар яамны сайдын хийсэн энэхүү гэнэтийн шалгалтанд бүдэрч байгаа нь барилгын талбайн аюулгүй ажиллагааг огт мөрдөхгүй байгаагийн нэгээхэн илрэл хэмээн албаныхан нэлээд нухацтай хэлж байсан юм.
Тиймээс ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байгаа “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг мөрдөж, бүх ажилтан, албан хаагчид дээрх журамтай танилцаж, мөрдлөг болгох хэрэгтэй гэж анхааруулж байсан юм.
Угтаа бол иргэн Төмөр-Очирын барилга дээр сар гаруйн өмнө ажиллаж байсан нэгэн эмэгтэй амь насаа алдж байжээ. Өөрөөр хэлбэл, тэд барилгын чанар аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүй улмаас ийнхүү амь насаа алдсан гэсэн үг. Тиймээс тэднийг гаргасан зөрчил дутагдлаа арилгаж ажиллаж байгаа эсэхийг нь шалгатал хангалтгүй байв. Бүр тодруулбал, тус барилга дээр ажиллаж буй инженер техникийн ажилтнууд нь ямар ч заавар зөвлөмж өгөлгүйгээр барилгын талбайд хүмүүсээ гаргаж хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй байсан юм. Тиймээс Д.Цогтбаатар сайд тус барилгын ажлыг өнөөдөр ч зогсоож болохоор байдалтай байна гэдгийг нь анхааруулж долоо хоногийн хугацаанд яамнаас ажлын хэсэг гаргаж ажиллуулна, энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм.
Ямартай ч сайдын хийсэн энэхүү гэнэтийн шалгалтаар барилгын талбайд хэчнээн хүн амь насаа алдаж болзошгүй байгааг харуулсан юм. Түүнчлэн салбарын сайд хэлэхдээ энэ мэтээр гэнэтийн шалгалтыг бид цаашид тэдэнд мэдэгдэхгүйгээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж байх болно гэсэн юм.
Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямар нэгэн осол аваар гарсан үед л анхаарах бус барьж эхлэхээс өмнө холбогдох байгууллага нь шаардлага тавьж хангуулж байх зүйтэй байх аа.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”