Долдугаар сарын эхний хагаст улсын хилд хилийн дэглэмийн ес, хил орчмын дэглэмийн 20, хилийн боомт газраар зургаан удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, долдугаар сарын 07-18-ны өдрүүдэд Замын-Үүд, Увс, Баруунтуруун, Үенч, Баян-Өлгий аймгуудын хилийн хэсгээр 21 толгой мал бэлчээрээр хил давж ирснийг чиглэлээр нь буцаан гаргасан байна.
Харин Баян-Өлгий, Баруунтуруун, Увс, Баян-Уул, Улаан-Уулын хилийн хэсэгт 48 адуу, 22 үхэр, 350 толгой бог мал бэлчээрээр хилд тулсныг хилийн манаа илрүүлэн эздэд нь хүлээлгэн өгчээ. Мөн зуны улиралтай холбоотойгоор аялал жуулчлал ихсэж долдугаар сарын 06-19-ний өдрүүдэд Халхгол, Овоот, Хөвсгөл, Замын-үүд, Улаан-Уулын хилийн хэсгээр аялал жуулчлалаар явж буй Монгол Улсын болон гадаад улсын 164 иргэдийг автомашин, мотоцикль, явган, морин уналгатай явж байхад нь илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
эх сурвалж: nuudel .mn