Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек бараалхав. Ноён Ян Хамачек хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочинд тавтай саатан морилохыг хүсэн ерөөгөөд Бүгд Найрамдах Чех Улс нь Монгол Улсын уламжлалт дотно харилцаатай түнш орны нэг гэдгийг онцлов.
Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек хэлсэн үгэндээ “Монголд ирээд бид найз нөхөдтэйгээ уулзсан мэт сайхан сэтгэгдэлтэй байна. Хоёр орны уламжлалт сайн харилцаа одоогийн байдлаар хамгийн өндөр түвшиндээ ирээд байна. 1990-ээд оны үед бага зэрэг алдагдсан харилцааг одоо нөхөх бүрэн боломжтой. Улс төрөөс гадна эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийг бид хүсдэг. Энэ жил Ерөнхийлөгч таны Чех Улсад хийсэн айлчлалд бид өндөр ач холбогдол өгч байгаа. Айлчлалын үеэр та “Монгол Улс гурван хөрштэй. Хоёр нь бидний газар зүйн хөршүүд. Гурав дахь нь алс хол оршдог боловч Чех орон юм” гэж хэлснийг сайн санаж байна.
Хоёр орны парламентын харилцаа эрч, хүчтэй сайн хөгжиж байгаагийн нэг жишээ нь манай гишүүдийн зарим нь Монголд нэг бус удаа айлчлан ирснээр тодорхойлогдоно. Чех Улс Монголтой төдийгүй Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг хүсч байна. Ингэхдээ Монгол Улсын Ази тив дэх байр суурийг түшиглэн Ази дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсдэг.
Монголд 2016 онд АСЕМ-ийн дээд түвшний чуулга уулзалт болно. Энэ нь Монгол Улсын олон улсын байр суурийг илэрхийлж байгаа явдал юм.
Чех бол экспортлогч орон. Авто машин, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой. Хоёр төслийг Монголд хэрэгжүүлэхээр болоод байгаа. Нэгд, Улаанбаатарын цэвэр усны хангамжтай холботой нэг төсөл байгаа. Хоёрт, Чехээс Монголд мах боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой.
Эдгээрээс гадна батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцахад бэлэн байна. Чех Улс энэ салбартаа том шинэчлэлт хийж мэргэжлийн армитай болсон, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Мөн Чехийн иргэдэд визгүй зорчих боломж олгосонд Монгол Улсад талархаж байна. Энэ нь Монголтой Чехийн иргэд танилцаж, аялал, жуулчлал өргөжихөд ач холбогдолтой. Яваандаа Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг ярилцаж болно” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Аливаа орны парламент бол том ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн гэж хэлж болно. Үүгээрээ парламент хоорондын харилцаа чухал юм. Монгол Улсын Европын холботой байгуулсан түншлэлийн гэрээг Чехийн тал баталсанд баярлалаа. Мөн Чех Улсын төсөвт тэнд суралцаж буй монгол оюутнуудад өгөх тэтгэлгийг тусгаж байгаад баярлалаа. Энэ бол маш чухал хөрөнгө оруулалт юм. Чехийн монгол судлал бол Европт байгаа монгол судлалын нэг чухал салбар юм.
Хоёр талын харилцаа цаашид нэмэгдэх боломжтой. Чехийн талын хөрөнгө оруулалтад хөнгөлөлт үзүүлэх нь чухал гэдгийг бид мэдэж байгаа. Цэвэр усны хангамжийн төслийг Улаанбаатарт төдийгүй говь, бусад бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг манай Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана. ХАА, мах боловсруулахтай холбоотой төсөл мөн чухал. Монголд хүнсний цэвэр, натураль бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бий. Чехийн машин, техник өрсөлдөх чадвартай, сайн гэдгийг бид мэддэг. Монголд эд ангийг авчирч угсарвал их явцтай байж мэднэ. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой. Чех Улс хоккейгоор алдартай. Монголд өвлийн спортын битүү ордон барих төсөл хэрэгжүүлэхийг дэмжвэл сайн байна.
Монгол Улс 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн комисст нэрээ дэвшүүлсэн. Үүнийг дэмжиж өгөөрэй. Мөн 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Чехээс өндөр хэмжээний төлөөлөгч ирнэ гэж найдаж байна.
Та бүхэн Монголын анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн үеэр айлчлан ирсэнд баяртай байна” гэв.
Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга НҮБ-ын Хүний эрхийн комисст нэрээ дэвшүүлсэн Монгол Улсыг дэмжинэ гэдгээ УИХ-ын даргад илэрхийлсэн гэдгээ хэлэв. Мөн эрчим хүч, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын харилцааны хувьд энэ бүс нутагтаа Азийн чуулган хэмээх уулзаж ярилцаж байх бүтэц бий болгох талаар санал дэвшүүлсэн гэдгээ хэлж байлаа. Азид НҮБ-ын гишүүн 48 орон байдаг гэдгийг мөн хэлж байсан юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүслээ.