Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр /2015.07.31/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик,БНСУ-ын Хараагүйчүүдийн Siloam төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри нарыг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Хараагүйчүүдийн Siloam Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү тасгийг өнөөдөр албан ёсоор нээн, АШУҮИС-д хүлээлгэн өгөх юм байна. УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ төслийн хүрээнд монголын сэргээн засалч эмч, мэргэжилтэнд сургалт явуулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн нь маш их ач холбогдолтой ажил боллоо хэмээн онцолсон юм.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангаас хэрэгжүүлж буй монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг дурдаад, цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх асуудлаар хамтран ажиллах болно хэмээлээ. Тэрбээр ашгийн бус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд хандивлаж буй эмнэлгийн тоног төхөөрөмж, тусламжийг татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын даргын Ахлах зөвлөхтэй санал солилцсон юм.
УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа, Манай улсын хүн амын 4,8 хувь буюу 120 мянга гаруй иргэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар халдварт бус өвчин эмгэг, осол гэмтэл, хавдраар өвчлөгдсийн тоо жилээс жилд ихсэхийн хэрээр хөдөлгөөн, хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүний тоо нэмэгдэх хандлагатай байна. Гэвч эдгээр хүмүүст үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаагаас хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Энэ цаг үед та бүхэн АШУҮИС-д орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээний жишиг болохуйц тасаг байгуулж өгч байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй их тус хүргэлээ гэж хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.