Нийслэлийн даншиг наадмын төсвийг өөр зүйлд зарцуулахыг шаардлаа

ecНийслэлийн зарим иргэдийн төлөөлөл Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж “Э.Бат-Үүл даргаас гуйх гуйлт байна” хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй аж. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ.

Даншиг наадмын утга агуулгын талаас судлаач Б.Баярдалай танилцуулсан юм. Тэрбээр “Эдийн засаг өөрөө алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголттой. Тодорхой хэмжээний мөнгийг өөр зүйлд зарцуулчихвал тэр нь ямар үнэгүй болох вэ гэсэн агуулгаар томъёологддог зүйл л дээ.

Судлаач хүний хувьд энэ талаасаа ярихаасаа илүүтэй даншиг гэдэг наадмын тухай ойлголтыг хуваалцъя. Ямар нэг зүйл өөрөө утга учиртай байх ёстой. Ялангуяа улсын хэмжээнд ийм өргөн цар хүрээтэй хийгдэж байгаа үйл ажиллагаа өөрөө асар том утга учрыг агуулж байх ёстой.

Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийсэн. Энэ бол шашны утга агуулгаар зохион байгуулагдсан, тэр агуулгаараа төлжиж, суурь нь тавигдсан. Үгний хувьд ямар нэгэн хутагт хувилгаад, ихэс дээдсийг хүндэтгэн залах, үдэх ёслох арга хэмжээнд зориулагдсан баяр ёслолын арга хэмжээ гэсэн утгатай.

1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болсон. Тэр нь Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан түүх юм. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулсаар байгаад 1911 оны дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж цуцалсан байдаг.

1912 оноос хойш Монгол Улс даншиг наадам зохион байгуулаагүй, харин өнөөгийн бидний тэмдэглэдэг Ардын хувьсгалын наадмыг зохион байгуулаад явж байгаа.

Тэгэхээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам байсан. Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэлээ.

Харин тэдний зүгээс даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулах хэд хэдэн санаачлагыг гаргав.

 

Тухайлбал:

  1. ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай болох төдийгүй олон эх, хүүхдүүдэд тус болно.
  2. Монгол Улсын хэмжээнд элэгний B, C вирустай 150 мянган хүн байна. Үүнээс 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Элэгний вирусыг устгах чадалтай Харвони эмний нэг курс эмчилгээний үнэ 2.3 сая төгрөг. Тиймээс энэ мөнгөөр нэн ядуу амьдралтай 235 хүнд Харвони эмийг худалдаж авч өгөх боломжтой.
  3. Үр тарианы салбарыг даатгахад хөрөнгө оруулах. Ингэж чадвал 58 тэрбум төгрөгийн үр тариаг хамгаалах боломжтой.
  4. Эмнэлгүүдэд хомс байгаа бөөрний дутагдлыг эмчлэг диатизийн аппарат 10 ширхэгийг худалдаж авах. Ингэснээр олон мянган хүний амийг аварна.

Мөн тэд төрийн зүгээс ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тухайлбал Баянгол дүүргийн ойн баярыг саяхан 300 гаруй сая төгрөгөөр тэмдэглэсэн, удахгүй аравдугаар сард ахиад өөр дүүргийн ой болно. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ гэсэн хүсэлтийг хотын даргад тавьж байгаагаа хэвлэлээр дамуулан ийн илэрхийлээ.

эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …