Монгол Улсын Ерөнхий сайдаа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан.
Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно.
Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.
Ugluu.mn