Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилээс Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ өдрүүдэд тус хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна. Айлчлалын үндсэн зорилго нь хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах байсан бөгөөд Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 8-р сарын 05-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-ын газрын хүндэтгэлийн танхимд боллоо. Санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико нар гарын үсэг зурж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Изүнокүни хотын ИТХ-ын дарга Гото Шиничи нар болон бусад албаны хүмүүс байлцжээ. Ёслолын арга хэмжээний үеэр Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байгуулж буй энэхүү Санамж бичиг нь Сонгинохайрхан дүүрэг, Изүнокүни хотын хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны гүн бат суурь тавигдлаа хэмээн би үзэж байна. Энэхүү суурин дээр бид бүхний хамтын ажиллагааны өндрөөс өндөр цамхаг босно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээлээ. Санамж бичгийн хүрээнд талууд боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудад хамтарч ажиллах юм.
Өнөөдөр буюу 8-р сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хүндэт зочид төлөөлөгчдөө хүлээн авлаа. Дүүргийн Засаг дарга М.Чинболд төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын дараа тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хүрэлцэн ирж Изүнокүни хотын дарга Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол ахуйтай танилцуулж, бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдааны үзүүлэх тоглолтуудыг сонирхууллаа. Изүнокүни хотын төлөөлөгчид 8-р сарын 09-нд нутаг буцна.