Улс орны эдийн засгийн байдал хүндэрч нийслэл хот бохиртоо умбах гэж байхад найр наадам, зугаа цэнгэл хийлээ гэх шүүмжлэгчид олон байсан ч нийслэлийн удирдлагууд “чихэн дээр цэцэг ургуулан” байж зүтгэсээр даншиг наадмаа хийлээ.
Хийх хийхдээ 500 лам анх удаа эзэн Чингис хааны талбайд ном хурав. Цагаан сар уламжлалт баяраар сүсэгтнүүддээ зориулаад төв талбай дээрээ үнэ төлбөргүй ганц удаа ном хурж үзээгүй лам нар, шашны байгууллагууд маш өндөр ач холбогдол өгөв.
Мөн анх удаа хууль дүрмээ зөрчин байж шашны байгууллагын тэргүүний гарын үсэг бүхий “Даншигийн арслан” гэх зэрэг цолыг олгов.
Мөн урлаг соёлын арга хэмжээ гээд энэ наадмын төсөв нь 260 сая төгрөг.
Өдгөөгөөс 100 жилийн өмнө тэмдэглэдэг байсан шашин соёлын энэ том баярыг сэргээн тэмдэглэж буй нь учиртай хэрэг. Одоо бол жуулчдын улирал. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд наадам тэмдэглэж байгаа зардлаа аялал жуулчлалаас нөхнө гэж нийслэлийн удирдлагууд ярьж байсан. Тэр бүү хэл нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нэгэн ярилцлагадаа жуулчдаас хангалттай нөхөж чадна гэсэн байх юм.
Гэвч үнэн хэрэгтээ өнгөрсөн амралтын өдөр зохиогдсон “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд жуулчид төдийлөн хангалттай харагдсангүй.
Бүх зүйлийг харлуулах гэсэнгүй, гэхдээ жуулчид хайчив…,
Зардлаа аялал жуулчлалаас нөхөж чадсан уу гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлах буй заа.
Г.Эрдэм
Үндэстэн.мн