Маргааш Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр болох гэж байна.
Гэтэл Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус нэг” ОНӨҮГ-ын ажилчид ажил хаях тухай тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл гаргасан. Гэсэн ч нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Учир нь, “Автобус нэг” ОНӨҮГ нь 11 чиглэлд нийтийн тээврээр үйлчилдэг бөгөөд тус 11 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бусад 23 ААНБ-уудаас нөөцийн автобусуудыг нь татаж, тээвэрт гаргахаар төлөвлөсөн болохыг Нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.
Тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн оны 11-р сард мөн л ажил хаялт зохион байгуулж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат, тусгай үйлчилгээ тул иргэдийн зорчих хэрэгцээг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, иргэдэд соёлтой, чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. “Автобус нэг” ОНӨҮГ нь салбартаа тэргүүлэгч байгууллага бөгөөд энэхүү мэдэгдлээрээ сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрх ашигт дахин халдаж байгаад харамсаж байна.
Г.Сонор ugluu.mn