Энэ сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н ажилчидтай зангиагүй уулзалт хийлээ. Нийгмийн даатгал төлдөг ч даатгалаараа ямар үйлчилгээ авч болохыг бид төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ уулзалтаар С.Одонтуяа гишүүн ажилчдад эрүүл мэндийн тухай хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль зэрэг тэдний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай хуулийн талаар товч мэдээлэл өгөн ажилчдын санал хүсэлтийг сонсож, асууж тодруулж амжаагүй зүйл байвал гишүүний нэр дээр хаяглаж явуулахыг хүссэн ба шийдвэрлэх алхмыг эрэлхийлнэ гэдгээ хэлсэн юм.
Мөн хог тээврийн машины жолооч, ачигч, зам талбайн мастерууд ажиллах нөхцөл хэвийн бус буюу хүнд нөхцөлд багтдаг ч тус үндэслэлээр цалин, урамшуулал нэмэгдэж ордоггүй ба үүнийг анхааралдаа авч хуулиндаа тусгаж өгөх талаар ажилчид гишүүнд саналаа хэллээ.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хүчтэй өрнөж байгаа Khogbukhetchallenge аянд С.Одонтуяа гишүүн нэгдэж байгаа бөгөөд аяны хүрээнд Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчдэд тэмээний ноосон нурууны бүс бэлэглэлээ. Тэрээр энэ тухайгаа тэрээр ярихдаа: Манай дүүрэг хоггүй дүүрэг болж чадаж байгаа. Хогны аяны хүрээнд нэг хүн 3 уут хог түүж дараагийн 3 хүнээ дуудах эсвэл 20000 төгрөгнөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бид бүгдийн хаясан хогийг цэвэрлэж байдаг зам талбайн 3-н үйлчлэгч/шар хантаазтан/-д бэлэглэх ёстой байдаг. Би 3 шуудай хог түүе гээд төмөр замын ойролцоо зөндөө явсан боловч үнэхээр тийм их хог олдоогүй. Энэ бол хот тохижилтынхон та бүхний гавьяа. Ачааны хүндийг үүрч яваа хот тохижилтын хамт олон та бүхэнд үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тиймээс би 2 дахь хувилбарыг сонгосон гэлээ.
Энэ өдрийн зангиагүй уулзалтаар тохижилт үйлчилгээний ажилчид С.Одонтуяа гишүүнтэй өдрийн хоол хамт идэн өөрсдөд хэрэгтэй чухал мэдээллүүдийг гишүүнтэй хамт харилцан ярилцаж мэдэж авснаараа ихээхэн онцлогтой үр өгөөжтэй боллоо.
Эх сурвалж: bgd-tug.mn