Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын даргын хэлсэн үг

DSC_1313 (1)Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ

    2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.

    Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

        Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтануудад хамаарахгүй  болохыг онцлон тэмдэглэж байна.

    Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, өмнө нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгсөнөөрөө ач холбогдолтой хууль боллоо.

        Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг  баримталсан болно. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй. Мөн энэхүү хуульд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар тусгасан болно.

        Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн, ирэх 7 хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцэх шаардлага гарч байгааг тэмдэглье.

    Мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ийм хоёр шалтгаанаар ээлжит бус чуулганы товыг ирэх 7 хоногт дээрх хоёр асуудлыг өргөн баригдмагц  зарлах болно.

                Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …