НМХГ-ын даргын зөвлөлийн 15 дугаар хурлаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгавар, баталсан удирдамжын дагуу байгуулагдсан НМХГ, НОБГ, УБХЦГ, НЕТГ, “УБЦТС” ХК-иудын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгаа зөрчилтэй барилга, газар шорооны ажилд хяналт шалгалт хийсэн тухай дүнг нээлттэй хэлэлцлээ.
Тус ажлын хэсэг “Барилгын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Эрчим хүчний тухай” хуулиуд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам” зэрэг холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавьжээ.
Удирдамжтай болон гүйцэтгэлийн шалгалтын хүрээнд улсын /ахлах/ байцаагчийн 30 акт, 4 албан шаардлага, 2 дүгнэлт, 40 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгж, гүйцэтгэгч компаниудад өгч “Барилгын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу нийт 29 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, 6 барилга байгууламжийн эрчим хүчийг хязгаарлан, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын 67,9% буюу 51 барилгын үйл ажиллагааг зогсоож, 14,1% буюу 11 барилгын зөрчлийг арилгуулж ажиллажээ. Дээрх зөрчил дутагдлууд нь .барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж иргэд хуулийн мэдлэг дутмаг, зарим аж ахуйн нэгж, иргэд хуулийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байгаагаас гарч байгааг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.