Хөвсгөл их далай ээжийн цэнхэр мандал дээр 30 дахь жилдээ хөвж, усан замын тээврийн түүхийг бараг дангаараа бичиж яваа Сүхбаатар хөлөг онгоцон дээр “Цэнхэр дуран” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
Усан онгоцон дээр уран бүтээлээ дэлгэж, аялагч олон болон мэргэжил нэгтнүүддээ тайлангаа тавьж буй энэ гэрэл зурагчин бол Д.Энхтайван. Тэрээр мөн л 30 дахь жилдээ гэрэл зураг авч байгаа нэгэн. Үзэсгэлэнгээ гаргаж буй энэ уран бүтээлч Сүхбаатар онгоц дээр харин 10 дахь жилдээ зураг авч, аялагчдад үйлчилж байна.
Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс онцолбол Монголын хамгийн том усан онгоцны үе үеийн бие бүрэлдэхүүн, усан онгоцон дээр мэндэлсэн хүүхэд, далай ээж орчмын байгалийн үзэмж гээд олон сайн зургийг нэрлэж болно. Нэг сэдвээр дагнан зураг авах, түүнийхээ үр шимийг хүртэх, бүтээлээрээ олон хүнд танигдахын мөн чанарын харуулсан үзэсгэлэн болсныг мэргэжлийнхэн хэлж байна лээ.
Монголд гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгш ойн жилд зориулсан цуврал арга хэмжээний хүрээнд олон нийтэд дэлгэж буй энэхүү “Цэнхэр дуран” үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэнд тус холбооны Дэд ерөнхийлөгч Д.Октябрь, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд, аялагч гэрэл зурагчид оролцсон юм. Нээлтийн үеэр Д.Энхтайваныг Хөдөлмөрийн яамны Жуух бичгээр шагнасныг холбооны удирдлага гардуулж өглөө. Мөн тус үзэсгэлэнд зориулж Сүхбаатар хөлөг онгоцоор ахлуулсан Хөвсгөл далайд аялагчдад үйлчилдэг бага, дунд оврын 10 гаруй усан завины парад зохион байгуулсан нь Монголд анхны тохиолдол боллоо.
Эх сурвалж: www.TODAY.mn