Их сургуулийн удирдлагууд сайдынхаа шаардлагыг хүлээж авах уу

1

Намрын  синдром эхэллээ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал эцэг, эхчүүд болоод оюутнуудын бухимдлыг төрүүлдэг.  Мөн цэцэрлэгийн асуудал ч олон иргэдийг хэдэн шөнө нойргүй гадаа хонуулдаг юм. Тэгвэл эдгээр үйл явдал биеллээ олоод байна. Тодруулбал арваад хоногийн өмнөөс “Оюутны талбай”-д сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн оюутнууд тайван жагсаал хийсэн юм.

Уг жагсаалд таван их, дээд сургуулийн 30 гаруй оюутан оролцсон юм. Тэд  энэ хичээлийн жилд их сургуулиуд 15-45 хувиар сургалтын төлбөр нэмсэн нь маш хүнд байна гэлээ. Сургалтын төлбөрийн энэ нэмэгдлээс болж олон оюутан сургуулиа хаях эрсдэл үүсээд байгааг ч мөн хэллээ.  Гэхдээ  жагсаалд оролцогчдын зарим нь сургалтын төлбөрийн багасгаад өгөөч ээ гэж жагсаагүй, харин энэ нэмэгдсэн төлбөрөө юунд зарцуулж байгааг л ил тод нээлттэй зарлаж байхыг хүсэж байна гэлээ.

Учир нь  ихэнх сургуулийн удирдлагууд сургалтын төлбөр нэмэх болсон гол шалтгаанаа сургалтын чанартай холбон тайлбарладаг аж. Гэвч 10, 20, 30, 40 хувиар нэмэгдсэн ч намрын намарт хичээлийн байр, хичээлд хэрэглэгдэх материал, сургалтын хөтөлбөр  өмнөхөөсөө дээрдсэн зүйл байдаггүй гэдгийг оюутнууд хэлж байна. Оюутнуудын эсэргүүцэл ингээд дуусаагүй бөгөөд тэд хэвлэлийн бага хурал хийж, их сургуулиудын  удирдлагуудад шаардлага хүргүүлсэн юм. Ингэхдээ тэд сургалтын төлбөр багасгахгүй бол   ирэх есдүгээр сарын 1-ээс хичээл хаялт зарлана  гэж мэдэгдээд байгаа.

Уг ажлыг МОХ ихээхэн дэмжин ажиллаж, зохион байгуулж байгаа бөгөөд дараах шаардлагыг мөн хүргүүлээд байгаа.

Тэд  Нэгдүгээрт: 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын болон дотуур байрны төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах

Хоёрдугаарт: Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох

Гуравдугаарт: Санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх

Дөрөвдүгээрт: Сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд инфляцын түвшинтэй уялдуулан тогтоох

Тавдугаарт: Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал засварлах, шинээр ашиглалтад оруулахтай холбоотой зардлыг оюутны сургалтын төлбөрөөс ангид эх үүсвэрээр шийдвэрлэх хатуу журам тогтоох зэрэг шаардлага тавьсан.

Үүнтэй зэрэгцээд БСШУ-ны сайд Л.Гантөмөр мөн сургалтын төлбөрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх,  цаашлаад хэт хөөрөгдөж нэмсэн төлбөрийг багасгахыг  их сургуулиудын удирдлагуудад үүрэгдээд байгаа. Харин салбарын сайдынхаа үгийг  тоож авч үзэх үү гэдгийг харах л үлдээд байна.  Шаардлага хүргүүлээд нэлээд хэд хонож байхад тодорхой хариулт өгөөгүй байгаагаас үзэхэд тэд сайдынхаа үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан бололтой.

Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …