Монгол Улсын төв лаборатори хэмээх чухал салбар өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчтэйгээр явж ирсэн гэдгийг бид мэднэ. Харин энэ долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр тус лабораторийн даргаар Н.Тэгшбаярыг томилжээ. Тэрээр урьд өмнө нь Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж, ажиллах хугацаандаа цөмийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн. Унтаа байсан энэ салбарыг дэлхийн дэвжээнд гаргах тал дээр чамгүй ажлыг эхлүүлээд байсан ч төсөв хэмнэх нэрийдлээр Цөмийн энергийн газрыг татан буулгасан билээ. Энэ тал дээр салбарынхан төдийгүй мэргэжлийн хүрээнийнхэн ч эсэргүүцэл илэрхийлж байсан ч цагийн эрхээр чимээ намдаасан. Тиймээс салбарын шинэчлэлд том алхам хийсэн Н.Тэгшбаяр хэмээх залуу эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг үзэлгүй ажилгүй болж байсан нь саяхан билээ.
Харин Н.Тэгшбаяр Геологийн төв лаборатори хэмээх том айлыг удирдахаар болсон нь нүдээ олсон зүйл хэмээн салбарынхан төдийгүй мэргэжилтнүүд дүгнэж байна. Цөмийн салбарын эрдэмтэд ярихдаа “Тэгшбаяр шиг боловсролтой, зүтгэлтэй, чадвартай залуусыг гудамжинд лааз өшиглүүлж байх нь зохисгүй. Ийм залуусыг улс орон чинээнд тултал зарах ёстой. Эд нараас л юм юм гарна” хэмээсэн юм.
эх сурвалж: unen.mn