Ц.Цолмон: Чөлөөлөх дайн Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм

20150831041945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг Сүхбаатар, Дорноговь аймгуудад энэ сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэсэн бол өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ялалтын 70 жилийн ойн баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ахмад дайчид аа,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хөрш орнуудын Элчин сайд, цэргийн атташе нараа.

Юуны өмнө хүн төрөлхтөнд асар их гай гамшиг учруулсан дэлхийн II дайн энх тайвныг эрхэмлэгч ард түмнүүдийн ялалтаар өндөрлөсний, энэ дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг эрхэм хүндэт ахмад дайчиддаа болон нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 1 дүгээр зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад дайчдынхаа гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх өргөн хүрээтэй ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын зүгээс зохион байгуулж, хэрэгжүүллээ.

Тухайлбал, Монгол дайчид дайнд оролцохоор хилийн дээс алхсан Дорноговь, Сүхбаатар аймагт ойн хүндэтгэлийн арга хэмжээг өргөн олныг хамруулан зохион байгуулсан бол өнөөдөр Улаанбаатар хотноо ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээг баяртайгаар тэмдэглэж байна.

Манай улс дэлхийн II дайны төгсгөл болох чөлөөлөх дайны ялалтын ойг олон жилийн өмнөөс ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай юм.

Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс фашизмын эсрэг эвслийн талд баттай зогсож, ЗХУ-д эд материал, хөрөнгө санхүү, зэвсэг техникийн болон сэтгэл санааны бүхий л тусламжийг үзүүлсэн билээ.

Европ дахь дайны гал ид дүрэлзэж, дайны санаачилга ЗХУ-ын талд ашигтайгаар эргэсэн тэр үед холбоотон гүрнүүд дайныг хурдан дуусгах, түүний дараа Ази дахь дэлхийн дайны голомтыг устгах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал байлаа.

Европ тив дэх дайн 1945 оны 5 сард ЗХУ-ын ялалтаар дуусаж, Ялтын хурлын шийдвэрийн дагуу Алс Дорнодод дайныг үргэлжлүүлж байсан Японы эсрэг Зөвлөлтийн улаан арми дайнд орох болсон бөгөөд БНМАУ холбоотныхоо талд баттай зогсож энэхүү дайнд оролцохоор шийдвэрлэж, 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурал ба Засгийн газраас “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг” гаргажээ.

Чөлөөлөх дайнд монгол цэргийг Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан удирдаж оролцсон түүхтэй. Тэрээр 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр монголын ард түмэн, дайнд оролцож буй дайчдад хандаж радиогоор хэлсэн үгэндээ “Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, … манай ах дүү дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна. Та нар бол бүх Монгол үндэстнийг чөлөөлж, нэгдүүлэн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болгохын тулд ариун шударга дайнд орсон байна.” гэж онцлон тэмдэглэж байжээ.

Иймээс Монголын ард түмэн энэ дайныг “Чөлөөлөх дайн” гэж нэрлэдэг болсон билээ.
Монгол Улс энэ дайны эхнээс цэргийн дайчилгаа явуулж идэр насны залуучуудыг цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр уртасгасан цагаар ажиллаж байсан нь Монголын ард түмэн нийтээрээ дайны ялалтын төлөө зүтгэсний баримт нотолгоо болох юм.

ЗХУ Алс Дорнод дахь цэргийн ерөнхий командлалыг ЗХУ-ын маршал А.М.Васильевскийгээр удирдуулан Алс Дорнодын нэг, хоёрдугаар болон Өвөр Байгалийн фронтыг байгуулжээ. ЗХУ-ын маршал Р.Я.Малиновскийн командалсан Өвөр Байгалийн фронтын бүрэлдэхүүнд Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийг 43000 гаруй офицер, дайчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, түүний командлагч буюу БНМАУ-ын Бүх цэргийн жанжны орлогчоор хурандаа генерал И.А.Плиев томилогдсон юм.

Тус бүлгийг Монгол ардын хувьсгалт цэргийн Өмнөд бүлэг гэж нэрлэж байв. Тус бүлгийн монгол цэргийг хариуцсан орлогчоор олноо “Залуу жанжин” гэж алдаршсан Ж.Лхагвасүрэн ажилласан билээ.

Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг нь Өвөр Байгалийн фронтын баруун жигүүрийг хамгаалж, Долоннуур, Жэхэгийн чиглэлд гол цохилтыг, Хаалганы чиглэлд туслах цохилтыг хийх үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Японы Квантуны армийн эсрэг Монгол, Зөвлөлтийн цэргийн хийсэн Алс Дорнодын кампанид Монгол ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар моторжуулсан хуягт бригад, 3 дугаар их бууны тусгай хороо, 3 дугаар танкийн тусгай хороо, холбооны тусгай хороо, 9 дүгээр бэлтгэл морьт хороо, нисэх дивиз зэрэг нэгтгэл, анги, бусад хангалт үйлчилгээний ангиуд,  хилийн цэргийн 8 отряд, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын нийт 24000 гаруй дайчид оролцсон юм.

Энэхүү чөлөөлөх дайн нь дэлхийн II дайны түүхэн дэх хамгийн богино хугацаанд, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд, алс холын зайд давшин байлдаж, нэг сая гаруй цэрэг бүхий Квантуны армийг буулган авч ялалт байгуулсан онцлогтой, цэргийн урлагийн түүхэнд мөнхрөн үлдсэн операци байлаа.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн дайчид Долоннуур, Жэхэ, Губейкоу, Завсар, Жамбэй, Жанчхүүгийн даваа зэрэг Квантуны армийн стратегийн ач холбогдол бүхий түшиц олон арван томоохон хот, суурин, бэхлэлтийг чөлөөлөхдөө мянга гаруй километрийн маршийг шахуу хугацаанд, өндөр хурдтайгаар гүйцэтгэж, асар өргөн усгүй элсэн цөлийг 40 градусаас дээш халуунд, их Хянганы уулс, үерлэсэн хэдэн арван гол мөрөнг үргэлжилсэн ширүүн аадар бороотой нөхцөлд даван туулж, хоногт 100-120 км давшиж, монгол цэргийн тэвчээр хатуужил, монгол морины шандас чадлыг сорьж шалгасан нь дэлхийн түүхэнд ч ховор үзэгдэл юм.

Манай ахмад үе, ахмад дайчид маань эх орныхоо даалгаврыг биелүүлэхийн төлөө ихээхэн саад бэрхшээлийг даван туулж, түүхэн ялалтаар Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсныг баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив, Д.Нянтайсүрэн, Т.Дүүдэй, Ж.Лхагвасүрэн нарын Монгол Улсын баатрууд төрөн гарч, Г.Дашдондог, М.Жүгдэр, Ц.Маамуу Б.Таяа, Н.Хампаан нарын олон арван дайчид халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсныг Монголын ард түмэн бахархан хүндэтгэж, дурсаж байдаг билээ. Энд хүрэлцэн ирсэн ахан дүүс, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Алс Дорнод дахь дэлхийн дайны сүүлчийн голомт болсон Квантуны армийг бут цохиж устгах операци богино хугацаанд үргэлжилж, 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Япон улс энэ дайнд ялагдсанаа хүлээн, бууж өгөх актад гарын үсэг зурснаар хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их гамшигт II дайн дууссан билээ.

Монгол Улс энэ дайнд оролцож,
Монголын ард түмний хэдэн зуун жилийн турш зорьж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг хангах;
ЗХУ, БНМАУ-ын хооронд 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколд заасан үүргээ үнэнчээр биелүүлэх;
Нийтийн дайсныг бүрмөсөн, түргэн цохиж устган, Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмэр оруулах үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн юм.

Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон нь түүхэн болон улс төрийн олон талын ач холбогдолтой үйл явдал байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйн хэрэг юм.

Чөлөөлөх дайны ялалтын нэн чухал үр дүн нь Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан явдал билээ.
Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг бэхжүүлэхэд 1945 оны 2 дугаар сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британийн Засгийн газрын тэргүүн нарын бага хурал чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Европ дахь дайн дууссаны дараа Японы эсрэг дайнд ЗХУ оролцоход хүрвэл БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрөх явдлыг нэн тэргүүний болзол болгон тавьж, түүнийг АНУ, Их Британийн удирдагч нар хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын түүхэнд тохиолдсон нэн чухал үйл явдал байсан билээ. Энэ нь БНМАУ гэсэн эрх зүйн нэгэн субъектийг их гүрнүүдийн зүгээс хүлээн анх удаа зөвшөөрсөн явдал байлаа.

Уг хурлаас ЗХУ нь Дундад Иргэн Улс (ДИУ)-д Японы дарлалаас ангижрахад туслах, тус улсын Гоминданы засгийн газартай Холбоо, найрамдлын тухай гэрээ байгуулах үүрэг хүлээсний дагуу 1945 оны 8 дугаар сарын 14-нд дээрх гэрээг байгуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнолд бас нэгэн ахиц дэвшил болсон юм. ДИУ-ын засгийн газар хэрэв Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан байх гэсэн хүсэл эрмэлзлэлээ бүх нийтийн санал хураалтаар баталбал БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрөн хүлээнэ гэж амласан билээ.

Үүний дагуу БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтыг явуулах шийдвэр гаргасан юм. Санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон даяар болж, түүнд сонгуулийн насны бүх иргэдийн 98,4 хувь нь оролцож, санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгчээ.
Энэхүү санал хураалтын дүнг үндэслэн ДИУ-ын Гоминданы засгийн газар 1946 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ нь Монгол Улс холбоотны үүргээ нэр төртэй биелүүлж, Чөлөөлөх дайнд оролцсоны бодит үр дүн мөн.

Олон зуун жилийн найрамдал, нөхөрлөлийн уламжлалтай Монгол, Оросын ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд дэлхийн II дайн, түүний дотор Чөлөөлөх дайн нэгэн чухал хуудас болж ордог билээ. Энэ дайнд монгол, орос цэрэг эрс мөр зэрэгцэн тулалдаж, хамтын ялалт байгуулсныг өнөөдөр эргэн дурсахад нэн таатай байна. Чөлөөлөх дайнд амь үрэгдэж, шархадсан 36000 гаруй жирийн орос цэргийн дурсгалыг манай ард түмэн гүнээ хүндэтгэж, тэднийг Монгол Улсын тусгаар тогтнолын  төлөө бидэнтэй хамт тэмцэж гавьяат үйлс бүтээсэн баатрууд гэж ойлгодог юм. Зөвлөлтийн дайчиддаа баяр хүргэе.

Чөлөөлөх дайны ялалт нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явдал байсан билээ. Энэ дайны ялалтын үр дүнд зүүн өмнөд Азийн олон улс орон чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олж авсан юм. Түүнчлэн Монгол, Зөвлөлтийн цэрэг Манжуур, зүүн хойт Хятад, Өвөр Монголыг чөлөөлснөөр Хятад улс тусгаар тогтносон улс болох үйл явцад эерэгээр нөлөөлж улмаар 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарласан билээ. Чөлөөлөх дайны явцад Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын армийн цэрэгтэй нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн тулалдаж байсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамтын ажиллагааны шинэ хуудас болсныг онцлон тэмдэглэж байна.

70 жилийн өмнө байлдаж, тулалдаж байсан улс орнуудын өнөөгийн шинэ залуу үе үр бүтээлтэй хамтран ажиллаж, хамтран бүтээн байгуулж, найрсаг сайхнаар харилцаж, хөгжил дэвшилд хүрэхийг эрмэлзэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Энэ хуралд оролцож байгаа ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов болон БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд нартаа баяр хүргэе.

Тухайлбал, жил бүр Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” сургуулийн 2015 оны дадлага, сургалтад БНХАУ, Япон Улсын Зэвсэгт хүчний дайчид анх удаа мөр зэрэгцэн оролцсон нь дэлхийн энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийн нэг чухал илэрхийлэл гэж үзэж болох юм.

Өнөөгийн Зэвсэгт хүчний алба хаагчид өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг үргэлжлүүлэн дэлхийн тавцанд нэрээ дуурсган байгааг илтгэхэд таатай байна.

Манай улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд харьцангуй богино хугацаанд мэдэгдэхүйц амжилтанд хүрч өнөөдөр дэлхийн 6 оронд тухайлбал, дэлхийн халуун цэгүүд болох Афганистан, Өмнөд Судан, Судан зэрэг улсад манай 1200 шахам алба хаагч бүхий манай цэргийн багууд НҮБ-ын мандаттай ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Эрхэм хүндэт ахмад дайчид аа
Эрхэм зочид төлөөлөгчид өө

Монгол Улсын Засгийн газар дайнд оролцсон ахмад дайчдынхаа байгуулсан гавьяа зүтгэлийг өндөр үнэлж, тэдний төлөө байнгын анхаарал тавьж байдаг билээ. Дайнд оролцсон ахмад дайчиддаа төрөөс халамж үзүүлж, нийгмийн хамгаалалд хамруулж, шагнаж урамшуулж байдаг билээ. Энэ нь дайн, байлдаанд амь насаараа дэнчин тавьж, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийх нь төлөө тэрхүү дайнд оролцогчдод төр, ард түмнээс үзүүлж буй гүн хүндэтгэлийн илэрхийлэл гэж хэлж болно.

Дайнд алтан амиа алдсан олон арван дайчдын гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн ялалтын ойн энэ өдөр гүн хүндэтгэлтэй эргэн дурсаж байна.

Ахмад дайчдынхаа дайнд байгуулсан гавьяат баатарлаг үйлсийг өсвөр залуу үе, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах, тэднийг алдаршуулах талаар БХЯ-ны зүгээс онцгойлон анхаарч дайнд оролцсон нэгтгэл, ангийн дайчин тугийн аяллыг төв, орон нутагт уламжлал ёсоор зохион байгуулж, ахмад дайчидтай уулзалт хийн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өнөө цагт бид бүхэн ахмад үеийн дайчин уламжлалыг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ханган, улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөө чин эрмэлзэлтэй хүчин зүтгэж байгааг ахмадууд та бүхэндээ илтгэж байна.

Бид Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, зэвсэг техникийн шинэчлэл хийх, алба хаагчдынхаа нийгмийн хамгаалалыг дээшлүүлэх, батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах зэрэг томоохон бодлогын зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Дээрх зорилтуудын хүрээнд Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Мөн батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна.

Миний бодлоор Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагыг олон улсын цэргийн урлагийн хөгжил, улс, эх орны батлан хамгаалах эрх ашиг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, хуулиар хүлээсэн үндсэн үүргийг биелүүлэх чадвартай бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техникээр хангагдсан хөнгөн, хөдөлгөөнт нэгтгэл, анги, салбар бүхий мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй болоход чиглэх ёстой гэж ойлгодог юм. Иймээс бид Зэвсэгт хүчний хөгжлийн хөтөлбөрөө энэ чиг хандлагад нийцүүлэн боловсруулж байна. Мөн Зэвсэгт хүчний шинэчлэлийн мөн чанар нь бүх нийтээр цэргийн алба хаах иргэний журамт үүргийг хэлбэрэлтгүй сахиулахад оршино гэж би ойлгож байгаа. Бид гадаадад цэргээ илгээхийн зэрэгцээ эх орноо хамгаалах үндсэн үүргээ ямар ч нөхцөлд умартах ёсгүй. Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжих ёстой. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан оюутан, залуучуудыг суралцах хугацаанд нь эрчимжсэн сургалтаар цэргийн алба хаах нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Оюутан цэрэг” хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. Түүнчлэн их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оюутан, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлэхээр зарим их, дээд сургуульд “Цэргийн тэнхим” байгуулах талаар хамтран ажиллаж эхлээд байна.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ гадаад улс, олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг хүсдэг байдлаас татгалзаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэрт шилжих чиглэл баримталж байна.

Бид улсаас өгч байгаа төсөв, хөрөнгөд захирагдах биш, өөрсдөө улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бүтээн байгуулалтад оролцож, улсдаа хөрөнгө оруулахаас гадна салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох нь чухал гэж үзэж, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр олон нийтийн дунд Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх, цэргийн албан хаагчдад иргэний нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэн бизнесийн салбарт хөрвөх чадвартай болгох, тэдний орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Эрхэм хүндэт ахмад дайчид аа
Та бүхэнд ялалтын баярын дайчин цогтой мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

Монгол цэргийн суу алдар мөнхөд бадарч байх болтугай.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …