Зарц эмгэн тэнгэрт төрсөн нь

Тэр цагт Гадаяана хутагт Аба улсад суун бөлгөө. Тэр улсад эд агуурс элбэг баян, нигүүлсэх сэтгэл огтгүй харамч, хэрцгийн туйл болсон нэгэн гэрийн эзнийх байв. Тэр гэрийн эзнийд насан дээр гарч туйлдаж ядарсан хөгшин эмгэн зарц байх аж. Гэрийн эзнийх энэ эмгэнийг насан туршид нь зарцлахдаа өмсөх дээл хувцас, идээн унд өгөлгүй, аашлан зандарч, зодож жанчин хүнд хүчир бүх ажилд зүтгүүлсээр өдий хүрчээ. Зарц эмгэн ус авахаар гол дээр очиж усаа аваад явах гэтэл барьсан усаа дааж явж чадсангүй, усгүй очвоос гэрийн эзэн зодож жанчиж ална. Түүнд орвол энэ усанд унаж үхвээс зовлонгоос түргэн хагацах биз ээ гэж бодон арга барагдаж чангаар бархиран уйлсанд Гадаяана их хутагт дэргэд ирээд:
ac0b86f7a317291857c6a8853e5c62c5_large
– Аяа эмгэн чи юуны учир ийн их дуугаар уйлан гашуудана вэ? гэж асуусанд зарц эмгэн бүх учир зовлонгоо нэгийг ч орхилгүй тоочин яриад зовлонгоосоо хагацахын тулд энэ голын усанд унаж үхэхээр ийн уйлан бархирав гэв. Гадаяана:
– Энэ ертөнцөд олохуйяа маш бэрх хүний биеийг олоод ийн ямар ч үнэ өртөггүй үрж үл болно. Үхлээ үнэ хүргэж худалдсугай, гэхэд зарц эмгэн:

– Намайг амьд байхад нааш харах хэн ч үгүй байтал үхлээ зарна гэхэд хэн тоож үнээр авах вэ? Харин зэвүүцэн жийрхэх буйзаа, гэхэд Гадаяана хутагт:

– Чи урьдаар гараа угаагаад түүний хойно надад өглөг өг гэсэнд, эмгэн:
– Их хутагтаа! надад өргөх өчүүхэн ч зүйл байхгүй. Энэ усны сав минийх бус эзэн ноёных тул өргөж болохгүй гэхэд, Их хутагт:
– Эмгэн чи миний бадар аягыг усаар дүүргэж надад өргөсүгэй. Би ерөөл ерөөтүгэй гэхэд эмгэн бадар аягыг усаар дүүргэж өргөхөд хутагт гартаа барьж ерөөл ерөөгөөд түүнд ялж төгс нөхчсөн бурханы нэрийг хэлж тогтоолгоод түүний цаглашгүй их эрдэм ачлалыг дурдан чин сэтгэлээр бишрэн дээдлэхийг сургав. Тэгээд эмгэнийг зарлиг ёсоор болгосны хойно:

– Эмгэн чамд суух орон бий юү? гэж асуув. Зарц эмгэн надад суух орон байхгүй. Тариа хураах, тээрэмдэх, нүдэх, савлах ажилд өчүүхэн ч чөлөөгүй зүтгэсээр ядарч сульдахын эрхэнд сүрэл дээр суун түрхэн зуурд амраад дараагийн өдрийн их ажил эхэлдэг гэв. Гадаяана хутагт:

– Тийм бол чи буруу муу үйл болно гэх сэтгэлийг тэвчээд энэ шөнө эзэн ноёныхоо хатныг унтсан хойно өрөөний нь нэг буланд цэвэр өвс дэвсээд унтаж хоно! Үүнд айж гэмших явдал огтгүй. Гагцхүү Бурханыг сэтгэн чин сүсэгээр залбиртугай! гэж зарлиг болсонд тэр эмгэн хутагтын зарлиг ёсоор хатныг унтсан хойно хаалгыг сэм нээж, унтаж буй өрөөний нь нэгээхэн буланд унтсанд тэр шөнө төрөл егүүтгэж, гучин гурав дахь тэнгэр нарын оронд төрөв. Маргааш өглөө нь хатан зарц эмгэнийг өрөөндөө үхсэн байхыг үзэж маш ихээр уурлан хилэгнэж, миний өрөөнд орох ёсгүй байтал энд үхэх нь юу вэ? хэмээн сэжиглэн цээрлээд үүнийг бушуухан зайлуул! гэж тушаан эмгэний хөлөөс дээсээр оосорлон чирж үхээрийн газарт хаяулав. Тэр цагт тэр газар тэнгэрийн хөвгүүн таван зуун охидоор хүрээлүүлэн наадаж байхад зарц эмгэн тэнгэрийн охидын дунд төрөв. Тэр эмгэнийг тэнгэр болон төрөхийг хэн ч мэдэхгүйгээр барахгүй, тэнгэр болон төрснөө эмгэн өөрөө ч мэдсэнгүй. Тэр цагт Шайрийн хөвгүүн гучин гурван тэнгэрийн орноо суун байсан бөлгөө.

Тэгээд тэр эмгэнийг ямар их буяны ачаар тэнгэр болон төрснийг асууваас мэдэхгүй гэв. Ямар буяны ачаар тэнгэрт төрснийг үзүүлэхээр тэнгэрийн таван зуун охидын хамт эмгэний хүүрийн газар очиж тэнгэрийн цэцэгсээр тахиж, тэнгэр нарын тод сайхан гэрлээр хотол улс даяарыг гийгүүлсэнд тэр эмгэнийг зарцлагч гэрийн эзний хатан тэргүүтэй тэр орны хүмүүс тэнд очиж тэр гайхамшигт сайхан үйл явдлыг үзэцгээв.

Тэдгээр хүмүүс энэ эмгэн амьд ахуйдаа манай улсын нэгэн баян ноёныд насан туршаа зарагдаж өмсөх хувцас идэх хоолгүй хүнд хүчирт зүтгэн, ядан зүдэрч явахад нь олноор муу заяат гэж адад үзэцгээж байв. Гэвэл та нар өдгөө  үхдэл хүүрийг нь юунд ийнхүү хүндлэн тахина вэ? гэцгээхэд тэнгэрийн охид ямар буяны ачаар тэнгэр нарын оронд төрснийг илт үзүүлэн өгүүлээд Гадаяана хутагтын байх газарт очив. Их хутагт тэнгэрийн охидод шагшаабад ба дээд язгуурт төрөх тэргүүт богдын номыг дэлгэрэнгүйеэ номлосонд тэдгээр тэнгэрийн охид хир тоосноос хагацаад ариун номын нүдийг олж тэнгэрийн орондоо харьцгаав. Их хутагтаас богдын номыг сонссон хамаг олон илт даган баясацгааж богдын номыг бишрэн дээдлэх сүсэг төрцгөөв.

эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …