Таалагдсан залуутайгаа танилцаад уулзаж эхэлтэл эхнэртэй болохыг нь мэдэх тохиолдол цөөнгүй. Дөнгөж уулзаж эхэлж байсан бол ч яахав. Харьцаа нилээд гүнзгийрээд түүндээ бүр дурлаж орхисон бол яахав? Амьдралынхаа ханийг сонгож амжаагүй бүсгүйчүүл иймэрхүү байдалд орж зүрхээ шархлуулахгүйн тулд чухам яах хэрэгтэй вэ? Өөрийгөө эхнэргүй, ганц бие хэмээн сийхгүй залж байгаа хуурамч эрийг хэрхэн таних вэ? Эхнэртэй эрчүүдийн нийтлэг 9 шинжийг дор толилуулъя.
Нэг дэх шинж
Ийм эрчүүд интернэтээр танилцахдаа ихэвчлэн өөрийнхөө зургийг биш найзынхаа ч юмуу шал өөр нэгний зургийг тавьсан байдаг. Хэрвээ ингэсэн бол эхнэртэй байх магадлал 90% байна. Мэдээж уулзаж танилцсан хойноо таньдаг хүмүүсээсээ санаа зовоод ч гэх юмуу эсвэл ичээд ч гэх юмуу мянга түмэн шалтаг тоочих байх. Зарим нэг ховор тохиолдолд энэ нь үнэн байж болох ч ихэнх тохиолдолд мэдээж эхнэртэй юмуу хамтран амьдрагчтай байх магадлал өндөр байдаг.
Хоёрдахь шинж
Амралтын болон баяр ёслолын өдрүүдээр ийм эрчүүдийг олж уулзахад хэцүү байна. Хааяа, ганц нэг удаа л юу юм гэхээс. Шөнийг хамт өнгөрүүлэх ч бас л асуудалтай тулгарна, барагдахгүй их шалтаг шалтгаан гараад ирэх вий.
Гуравдахь шинж
Эхнэртэй эрийн бас нэг шинж бол мөнгөндөө харам, нарийн байх. Хэдийгээр энэ харьцангуй үзүүлэлт ч эхнэртэй эрийн ихэнх орлого гэр бүлдээ зарцуулагдаж, цанна нь маш өчүүхэн хэсэг үлддэг. Хэнийг ч хаана ямар ажил хийдэг, яаж хувцасладаг, ямар машин унадгаар нь орлогыг нь багцаалж болох тул олж байгаа орлоготой нь харьцуулахад хэмнээд байгаа нь мэдэгдвэл эхнэртэй эр байх магадлал өндөр.
Дөрөвдэх шинж
Янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж гэртээ урихгүй байх нь бас л эхнэртэй хүний шинж. Дээр нь эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө танилцуулахгүй хойргошоод байвал бүр ч сэжигтэй гэсэн үг. Эхнэртэй эрийг таних хамгийн энгийн арга бол гэртээ урихыг гуйх. Ганц бие эр бол элдэв шалтаг тоочихгүй шууд л таныг гэртээ урина.
Тав дахь шинж
Үдэш оройн цагаар түүнтэй утсаар ярих бэрхшээлтэй байх, оройд ихэвчлэн өөрөө залгах /хааяахандаа/ нь мэдээж гэр бүлтэй хүний шинж.
Зургаадахь шинж
Хэдийгээр шууд бус ч гэсэн өөрийнх нь настай харьцуулахад хүүхдэрхэг ааш гаргаж байвал бас л эхнэртэй хүний нэг шинж. Эхнэртэй хирнээ тэрийгээ нууж байгаа эрчүүд хүүхдэрхэг ааштай байх нь элбэг байдаг.
Долоо дахь шинж
Ганц биеэр амьдардаг хүн гэхэд хэтэрхий арчилгаатай байх. Цэвэр цэмцгэр байдал, хувцасны сонголт, өнгөний зохицол зэрэг нь ихэвчлэн халамжтай эхнэртэй хүний шинж. Гэхдээ аль ганц бие хирнээ цэмцгэр ганган эрчүүдийг хэлж барах вэ. Тэгсэн ч гэсэн анхааралдаа авахад илүүдэхгүй.
Найм дахь шинж
Эхнэртэй эрчүүд ихэнхдээ ердийн эрчүүд шиг биш, өөрийнхөө хуурамч нуугдмал байдлаасаа болж агент 007-той адилхан байх нь элбэг. Ажлынх нь газрын утсыг мэдэх бөөн асуудал, гэрийнх нь утсыг мэдэх бүр хэцүү, хаана яг ямар ажил хийдгийг нь мэдэхэд ч хүндрэлтэй байдаг. Ажил дээр нь очих гэвэл бөөн юм болно. Олон хүнтэй хотын төвөөр тэврэлдээд зугаалах бол биелэгдэшгүй мөрөөдөл. Гэхдээ зарим нэг цайрчихсан эрчүүд ажлын газрынхаа хүмүүсээс нэг их санаа зовохгүй байх тохиолдол байдгийг үгүйсгэхгүй.
Ес дэх шинж
Хуримын бөгж. Мэдээж энэ хошигнол. Гэхдээ зарим эрчүүд хуримын бөгж зүүчихээд эхнэртэй гэдгээ онцгойлон нуухгүй хирнээ би тэрэнд хайргүй, салах гэж байгаа гэх мэтчилэн охид бүсгүйчүүдийн толгойг эргүүлж, эхнэрээ муулж, өрөвч зөөлөн сэтгэлийг нь далимдуулан дотносох нь бий. Тиймээс охид бүсгүйчүүд минь нэгэн биенийхээ тал болох, амьдралынхаа цорын ганц хань ижлээ сонгохдоо анхаарал болгоомжтой байгаарай. Та бүхэнд чин сэтгэлийн угаас аз жаргал хүсье.