Сүүлийн жилүүдэд зам тээврийн салбарт томилогдсон сайдууд цахилгаан, тайзны засал чимэглэл, зураач, хууль, геологи, барилгын мэргэжилтэй хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, энэ салбарт нэгдсэн бодлого үгүй болж, мэргэжлийн бус хүмүүсийн албан тушаал наймаалцах талбар болж хувираад удлаа.
Зам тээврийн салбарт ажлаа мэддэг, туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатайг мэргэжлийн холбоодынхон дуу нэгтэйгээр хэлж, төрийн өндөрлөгүүдэд ил захидал хүртэл бичсэн. Гэвч засаг бүрдүүлж байгаа эрх мэдэлтнүүдэд мэргэжлийн холбоод, салбарынхны дуу хоолой хамаагүй бололтой. Ерөнхий сайд зургаан сайдын нэрийг өргөн барьж, Зам тээврийн сайдаар бас л салбараа мэддэггүй мэргэжлийн бус хүнийг томилох гэж байна.
Зам тээврийн салбарыг мэддэг, сайд болох туршлага, мэдлэг, чадвартай, үлдсэн богино хугацаанд энэ салбарыг авч явах ёстой хүн хэмээн мэргэжлийн холбоодын дэмжлэгийг хүлээж байсан УИХ-ын гшүүн Г.Батхүүгийн нэр яригдаж байсан ч өөрөө татгалзсан сурагтай. Ийнхүү мэргэжлийн сайдтай болох гэсэн зам тээврийн салбарынхан энэ удаа дахин “туршилтын” сайдтай болох нь ээ. Уг нь салбараа мэддэг, туршлагатай Г.Батхүүгээр зам тээврийн салбарыг удирдуулсан бол богинохон хугацаанд ч гэсэн ажил урагшилж, ирэх сонгуульд АН-ынхны нэр хүнд өсөхөд нөлөөлөх байсан биз ээ. Харин Ерөнхий сайдын хувьд фракцийн шантаажнаас гарч чадсангүй.
Эх сурвалж: barimt.mn