Өнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ боллоо. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийнхээ амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш ханган ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг цагдаагийн албан хаагчиддаа80 жилийн ойн баярын мэнд хүргэн, төлөөлөгчийн зүгээс шагнал гардууллаа.
Налайх хотын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа П.Энхбаярт Нийслэлийн хүндэт тэмдгийн үнэмлэх, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Оргил, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч Ч.Мөнхбаатар, Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч И.Еркегүль нарыг Нийслэлийн хүндэт тэмдгийн үнэмлэхээр тус тус шагнасан юм. Мөн Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч, техникийн бааз суур хэдийгээр бэхжиж ирсэн ч цаашдаа зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой олон ажлууд байна гэдгийг онцолсон юм. Тэрээр Налайх хотынхны амар тайван аж төрөх орчин нөхцөл бий болгоход зөвхөн цагдаагийн албан хаагчдаас бус оршин суугч иргэдийг оролцоо чухал гэдгийг сануулсан юм. Мөн Налайхын хотыг хөгжүүлэхэд Хууль эрх зүйн орчин бий болгох, иргэд, аж ахуйн нэгж, хүчний байгууллагын чадамжийг дээшлүүлэх, ажилтай орлоготой болгох, мөн эрүүл мэнд, боловсролынтүвшингдээшлүүлэх үндсэн 3 чиглэлийн дагуу анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн.
Төлөөлөгчийн хувиар дүүрэгтээ хийж байгаа ажлаасаа иргэддээ мэдээллээ. Тухайлбал С.Амарсайхан Налайх хотын засаг дарга Болбаатарт НДЦГ-ын бааз суурийг бэхжүүлэх, шаардлагатай байгаа ажлын хэрэгсэл болох авто машиныг олгох хүсэлт тавьсны дагуу НДЦГ-т ажлын хангамж, хэрэгцээнд авто машин олгуулсан байна. Мөн Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар Налайх хотод 300 ортой, 10 мянган долларын үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн ажлыг ирэх онд ашиглалтанд оруулах талаар баярт мэдээг дуулгалаа.
Үүний дараа хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан цагдаагийн зарим албан хаагчдад өөрийн зүгээс шагнал болон бэлэг гардуулсан байна. Тодруулбал, НДЦГ-т 80 жилийн ойд зориулан тосон будгаар 4 улирлын өнгө төрхийг шингээсэн утга, билэгдэл бүхий зургийг дурсгал болгон өгөв. Мөн гал түймрийн аюулд өртөх гэж буй айлыг галын аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалсан, ажил үйлсээрээ шалгарсан цагдаагийн хоёр албан хаагчийн хийсэн гавъяаг нь үнэлж тус бүр нэг сарын цалин болох 800 орчим мянган төгрөгөөр шагнасан юм. Тэд 12-50 насны 5 иргэний амь насыг аварсан аж. Мөн чөлөөндөө суусан 57 албан хаагч, одоо ажиллаж байгаа 93 цагдаагийн албан хаагчдад MNBC агаарын олон сувагт тоон телевизийн 65,000 төгрөгийн үнэ бүхий 105 сувгийн хүлээн авагч төхөөрөмжийг өөрийн зүгээс гардуулан өглөө.
эх сурвалж: undesten.mn