Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбревыг хүлээн авч уулзав.
Хатагтай Зузка Бебарова-Руйбрево, Улсын Их Хурлын дэд даргыг шахуу хөтөлбөртэй арга хэмжээний үеэр цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэн хэллээ. БНЧУ, Монгол Улс газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч технологийн дэвшлийн дүнд ойр дотно хамтран ажиллаж байна. Энэ хуралд БНЧУ-ын парламентын 4 гишүүн оролцож байгаа бөгөөд сэтгэгдэл тун өндөр байгаа. Манай найрамдлын бүлэгт элсэх хүсэлтээ илэрхийлээд байгааг дуулгахад таатай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж, идэвхтэй ажилладаг хувь хүмүүс ч цөөнгүй байдгийг энд дурдахад таатай байна. Манай төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хурлын эхний өдөр уулзах үеэр хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх талаар санал солилцсон гэлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, хатагтай Зузка Бебарова-Руйбрево таны хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, БНЧУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйлсийг тань үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Алтан гадас одонгоор шагнасан гэдгийг сонссон, энэ дашрамд хувийн зүгээс талархал илэрхийлэн, баяр хүргэе гэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий. Удахгүй эхлэх Чех, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны үеэр эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэх үр ашигтай арга хэмжээнүүд болно хэмээн найдаж байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд бий. Тэдгээрийн нэг нь Прагийн амьтны хүрээлэнгээс уугуул нутагт нь тахийг нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Энэ чиглэлийн цөөн тооны амжилттай төсөл бөгөөд яг энэ төслийн жишгээр дараа дараагийн ажлууд хийгдэж байгаа талаар сонссон. Хоёр орон байгаль орчны салбарт амжилттай хамтран ажилладаг бөгөөд цаашид ногоон үзэл баримтлал бүхий бизнес, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоо өргөн байгааг онцлов. Мөн тэрээр БНЧУ-ын талаас Монгол Улстай харилцаа тогтоож, хамтын ажиллагаа явуулах сонирхолтой ТББ-ууд олон байгаа гэдгийг сонсож байсан. Тиймээс Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн зүгээс сонирхсон байгууллага, мэргэжилтнүүдтэй холбож өгөх байдлаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.
Мөн энэ үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй талаар ярилцаж, эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов. Уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.