Улс төрөөс “хиншүү” үнэртэж байна

utaaaaМонголын улс төрчид   улс орныхоо эрх ашгаас илүүтэй  нам, бүлэг, найз нөхөд, хамаатан садан, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд үздэг гэдгийг нотлосон үйл явдлууд ойрын өдрүүдэд улам бүр олон нийтэд мэдэгдэх боллоо.

Нөхөн сонгосон 6 сайд,  Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж байгаа  байдал, Л.Гансүхийн эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хурал, улс төр судлаач Д.Ганхуягийн баримттай нийтлэлүүд зэргээс харахад  Монгол  улс  нам улс төрийн бүлэг фракцийн ашиг сонирхолын  дунд хэрхэн “эзгүйдэж” байгааг харж болохоор байна.

Эрх мэдэлд хүрэх, эрх мэдлээ хадгалж үлдэх хүслээ гүйцэлдүүлэхийн тулд  өөрийн нам эвслийг  ажиллуулдаг, зүтгүүлдэг байдал өнөөдрийг хүртэл байсаар, улам илүү нарийн  зохион байгууллалттай болсоор. Тэр бүү хэл бусдыг улс төрийн  золиос болгон гүтгэн яллах гэж оролдож болдогийн жишээг Л.Гансүхийн шүүх хуралд оролцож байгаа прокурор, шинжээч, аудиторын үйлдэл дүгнэлтүүд нотлоод байх шиг.

Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахаар болсон ч тус төсөл дээр ажиллах ажлын хэсгийг Шударга ёс эвслээс Шадар сайдаар сонгогдсон УИХ-ын гишүүн  Ц.Оюунбаатар  ажлан ажиллаж байгаа гэнэ. Тэрээр намын дарга Н.Энхбаяраа Өршөөлийн  хуульд хамруулахын тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж байгааг хэвлэлийнхэн онцлох боллоо.

Хэрвээ Өршөөлийн хуульд Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоригоос хамааран   Өршөөлд хамрагдаж  чадахгүйд хүрвэл  тэрээр Засгийн газраас Шударга ёс эвслийг гаргана гэсэн  яриа улс төрчдийн дунд салхи мэт тарах боллоо. Хэрэв Шударга ёс эвсэл Шийдлийн засгийн газраас гарвал Ч.Сайханбилэгийн  Засгийн газар огцроход хүрч, улмаар АН дахин байгуулагдах  шинэ засгийн газраа парламентэд суудалтай МАН-тай  хамтран байгуулах хэрэгтэй болно. Гэвч МАН, АН-тай дахин хамтрах  нь юу л бол. Ингэхлээр засаг байгуулагдаж чадахгүйд хүрч, улмаар  Шинэ засгийн газрын тэргүүнийг 45 хоногийн дотор байгуулж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн  31.1.3-д заасны дагуу УИХ өөрөө тарах тухай асуудал яригдаж эхлэнэ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын нэр бүхий зарим гишүүн УИХ-ыг ээлжит сонгуулиас өмнө  тарах нь зүйтэй гэх хувийн үзэл бодлоо илэрхийлээд амжсан.

2012 оны УИХ-ын сонгуулиар  ард түмэн АН-д арай илүү итгэл үзүүлсэн. 2013 оны Ерөнхийлөгийн сонгуульд Ардчилсан ерөнхийлөгчөө дахин сонгосон.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн шинэчлэл, Шилэн данс, нээлттэй засгийн тухай  олонтоо  ярьдаг. Мэдээжийн хэрэг энэ том бодлогын хүрээнд олон дэвшилттэй ажлууд хийгдсэн  байх. Түүний илрэл болж өнөөдөр Л.Гансүхийн эрүүгийн шүүх хурал нээлттэй болж байгаад талархууштай. Харамсалтай нь шүүх хурлын үйл явцаас шүүхийн шинэтгэл ямар шатанд явааг бид харж болохоор  байна.

Ардчилсан Ерөнхийлөгч маань АН-тайгаа ойлголцож чадахгүй, Ерөнхий сайд нь Намын даргатайгаа нэг санаа бодолтой байж чадаагүйгээс болж Засгийн хямралыг АН-ынхан  гаднаасаа биш дотроосоо бий болгож байна.

Товчхондоо улс орны хямралыг улс төрчид өөрсдөө бий болгож байна. Тэдний ямар ч үнээр хамаагүй эрх мэдлээ хадгалах, эрх мэдэлрүү тэмүүлэх их хүслийн  золиос нь  болж ард түмэн хохирох боллоо. Монголын улс төр “утаа  май, хиншүү” болон  үнэртэн уугиж байна. Энэ утаа майг Н.Энхбаяр, З.Энхболд, Ц.Элбэгдорж  тавиад сууж байна. Удахгүй эл янзаараа Монголын улс төр утаа төдий биш гал болон  дүрэлзэн асах магадлалтай болжээ.

А.Гал

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …