АН-ын бүлэг гэсэн твийтер хаягаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Монгол Улсад хөдөлмөрийн насны 1,9 сая ажилгүй хүн байгаа гэж хэлсэн мэтээр цахим ертөнцөд цацсан нь ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Уг хаягаар мэдээлэл оруулдаг ажилтан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы 2015 оны есдүгээр сарын 18-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас уг мэдээллийг авсан хэмээн тайлбарласан бөгөөд “Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн ачааг үүрээд явъя л гэж бодсон” гарчигтай уг ярилцлагад “…Өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насны 1.9 сая хүн байна. Тэднээс эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая, ажил эрхэлж байгаа нь 1.1 сая байгаа бол ажилгүй 97.3 мянган хүн байна гэсэн статистик бий. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.9, ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна…” хэмээснийг буруу ойлгож бичсэнээ хүлээсэн юм.
Тиймээс цахим ертөнцөөр цацсан уг мэдээлэл огт үндэслэлгүй бөгөөд 1,9 сая гэдэг нь Монгол Улсын нийт хүн амын хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насныхны тоо юм. Мөн ярилцлагад дурдагдсан ажил эрхлээгүй 97,3 мянган хүнээс энэ оны эхний найман сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 30,4 мянга нь бүртгэлтэй байна.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2015 оны эхний найман сарын байдлаар ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 42.7 мянган ажлын байрны захиалга бүртгэгдсэн бөгөөд энэхүү захиалгын дагуу 25.6 мянган иргэнийг зуучилж ажилтай болгосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнээс гадна бүртгэлтэй ажилгүй иргэний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.5, өмнөх сартай харьцуулбал 2.0 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа.
Манай яамнаас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд нийтдээ 35.7 мянган иргэн хамрагдсан байна.
Хөдөлмөрийн яамны Хэвлэлийн алба