Бидний нэрлэж заншсанаар ахмадын асрамжийн газар буюу Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж үүх түүхээ эхэлж байсан энэ газар өдгөө илүү их бүтээн байгуулалттай ахмадуудыг асардаг, хөгжүүлдэг үндэсний хэмжээний томоохон төв болон хөгжжээ.
1957 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байршаад 1967 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр суманд ирж байршсан. 2013 оныг хүртэл улсын асрамжийн газар гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 3 сараас ХАХНХ-ын сайдын тушаал гарч “Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдгөө 120 гаруй ахмадуудтай, 50 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 90 жилийн түүхтэй уг байгууллагын ойд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ.
Ойн баяраар Ахмадын асрамж, хөгжлийн төвийн 7 ажилтан ХАХНХ-ын тэргүүний ажилтан цол тэмдэг, хүндэт жуух бичгээр шагнууллаа.
Өдгөө ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгаас гадна ахмадын нөхөн сэргээх сувиллын барилга барьж байна.
Шинэхэн дээлээрээ гоёж өөрийн гэр орон болсон байгууллагын түүхт ойг тэмдэглэж буй ахмадууд сэтгэл өег байгаагаа илэрхийлж байлаа.
Тус байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын гэрэл зурагнаас хүргэе.
Г.Эрдэм