Exclusive- ээр амьсгалсан хоног өдрүүд үргэлжилсээр. Сүүлдээ бүр Засгийн газрын хэмжээнд уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд “Мааяа”-д учруулсан асуудлыг шийдвэрлэж, дансыг нь нээх үүрэг даалгаврыг Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанболон бусад албаны хүмүүс өгч харагдав.
Мааяа/Exclusive компанийн захирал Г.Майцэцэг/ ч үнэхээр гайхамшигтай юм. Тэрээр асуудлаа олон нийтийн анхаарлын төвд оруулж улмаар Монгол Улсын Ерөнхий сайдаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлж байна шүү дээ. Гайхамшигтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна.
Засгийн газрын тэргүүнийг түргэн авахуулж, олон мянган иргэдийг “хорооллын номин”-гийн гадаа цуглуулна гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш. Харин Мааяа үүнийг тун хялбархан хийчихлээ.
Эндээс түүнийг баатар гэж магтмаар. Гэвч яг үнэндээ Мааяа Монгол Улсын татварын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн “хууль зөрчигч” юм.
Үйл ажиллагаа явуулж, ашиг олж л байгаа бол Монгол Улсын татварын хуулийн дагуу татвар төлөх л ёстой. Гэтэл огт татвар төлөхгүй байсан учраас “тайлангаа өг” гэсэн албан бичгийг татварын хэлтсээс удаа дараа явуулж. Үүний хариуд оёдлын үйлдвэр атлаа “Жаст ойл” компанийн падааныг цуглуулж өгчээ. Өөрөөр хэлбэл хуурамч падаан цуглуулж өгсөн нь зөрчилд тооцогдож, улмаар акт тавьж дансыг нь хаах хүртэл арга хэмжээ авагдаад байгаа юм.
Мааяагаас өөр хүн татварын асуудал гаргасан бол ямарч найраагүй “дампуурна.” “Саусгоби Сэндс” компанийг эс тооцвол. “Саусгоби Сэндс” компанийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд багтсан учраас татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг нь хэн ч сонирхохгүйгээр мартагдаж орхисон хэрэг.
Харин Мааяагийн хувьд асуудал дөнгөж л өрнөж байна. Гэхдээ түүний “ар” үнэхээр том юм. “Саусгоби Сэндс” компанийхаас ч том байж мэднэ. Татварын маргаан анх сөхөгдөх үеэр Татварын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Батмагнай Хан-Уул дүүргийн татварын хэлтэс дээр ирж “дарамт үзүүлж байсан” тухай тус хэлтсийн дарга Д.Бадам ярьж байна.
Мөн хэн дуртай нь хамрагдаж чадахгүй “Чингис бонд”-ын хөрөнгөөс зээл авч чадсан, Монгол Улсын Ерөнхий сайдыг түргэн авахуулсан. Үүнээс гадна албаны хувцасгүй л бол хашааны хаалгаар нь ч цухуйж болдоггүй төрийн ордонд “тамирын цамц”-тай нэвтэрч чаддаг түүнийг үнэхээр “том” юм аа гэхээс өөрөөр юу гэж тайлбарлахаач мэдэхгүй байна. Гэхдээ том байлаа гээд, “том ар”-тай байлаа гээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж болохгүй биз дээ.
Эсвэл “матрын нулимс” унагаад байхаар Засгийн газрын хэмжээнд хууль зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэчихдэг болчихсон уу.
Татвар болоод эдийн засгийн асуудалтай олон байгууллага дампуурчихгүй өдөр хоногийг аргацааж байгаа. Тэгвэл тэдгээр бүх байгууллагуудын асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдвэрлэе л дээ. Ерөөсөө л бүх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд маань сонин гарчиглаж байгаад л шийдвэрлэчихвэл аймаг, дүүрэг, сум, хороо, татвар, нийгмийн даатгал, цагдаа, хууль хүчин гэж олон салбарт олон хүн ажиллуулах шаардлага ч үгүй болно “амар”.
Гэвч энд нэг л асуудал байна.ТҮЦ ажиллуулдаг н.Дулмаа эмээ сар бүр татвараа төлөөд л амьдрал ахуйгаа болгоод байхад Мааяа яагаад татвараа төлж болохгүй байгаа юм бэ. Тэгээд татвараас зугтаад зогсохгүй төрийн албан хаагчийг танил талаараа дарамтлуулж, сүүлдээ Ерөнхий сайдаар рекетлүүлэх хэмжээнд нөхцөл байдал хурцдаж байна.
Тэгвэл оёдол хийдэг бүх үйлдвэрүүд татвараа төлөхөө болчихьё. Татвараас дарамтлаад байвал “матрын нулимс” унагаая. Тэгээд оёсон бүх хувцсаа үнэгүй тараана сүрдүүлье. Энэ бүгдийг Ерөнхий сайд маань хэвлэлээс олж уншаад асуудлыг шийдвэрлэчихнэ. Маш амар байгаа биз.
Гэвч энэ улс чинь хуультай. Хуулийг чандлан сахиж, даган мөрдөх ёстой болохоос сөрж, зөрчиж болно гэсэн заалт байхгүй. Хэрвээ зөрчсөн бол энэ нь гэмт хэрэг. Гэмт хэрэгтэнг яллах, цагаатгах асуудлыг Ерөнхий сайд бус шүүх л шийдвэрлэнэ.
А.Аюуш
Эх сурвалж: www.undesten.mn