Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт 7 сарын 15-нд боллоо. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийж, дэлхийн стандартад нийцсэн зам болсон гэдгийг албаныхан онцолж байна.
“Хурдны зам” компанийн гүйцэтгэсэн автозамын нээлтэд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такэхико Накао, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга Орбитыг Тахилттай холбосон шинэ автозамын нээж хэлсэн үгэндээ, “Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын иргэдийн хүсэл сонирхлын дагуу шинээр баригдсан энэ зам хөгжил дагуулсан зам болсон нь харагдаж байна.
Энэ зам нээгдсэнээрээ нийслэлд шинэ суурьшлийн бүс бий болж, Тахилтын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж, тав тухай амьдрах нөхцөл боломж бүрдэж байна” гэж онцоллоо. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Орбит-Тахилтын шинэ автозам баригдсаны дараа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суугчдын тоо 22 хувиар өссөн байна. Нийтдээ 4,3 сая долларын хөрөнгө оруулалтаар баригдсан автозамыг Улаанбаатар хотыг баруун тийш хөгжүүлэх төлөвлөгөөний эхний алхам юм хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.