Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд өнөөдөр АНУ-ын Төрийн департаментийн Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн ажилтан Том Ниблок тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс дахь шашин шүтлэгийн байдал, төр, сүм хийдийн харилцааны асуудлыг хөндөж ярилцлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол орон ардчиллын замд шилжсэн сүүлийн 25 жилийн хугацаанд олсон нэг томоохон амжилт бол иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаажуулж, хангасан явдал болохыг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч төр, шашин – сүм хийдийн харилцааны уламжлал дахь дэвшилттэй зүйлсийг өвлөн залгамжилж, орчин цагийн хүн төрөлхтний нийтлэг жишгийг харгалзах үндсэн дээр шашнаа хүндэтгэдэг, сүм хийдтэйгээ зөвшилцдөг, бас хууль, эрх зүйн хэм хэмжээнд захиран зохицуулдаг бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Өдгөө шашин – сүм хийдийн харилцаанд гарч буй үзэгдэл, үйл явцын чиг хандлага, нийгмийн амьдралд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг урьдчилан харж зохицуулахад төрийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна. Дэлхий дахинд шашин, соёл иргэншлийн үзүүлэх нөлөө идэвхжих хандлагатай байгаа нь Монголын төрийг шашин, сүм хийдийн талаарх хууль тогтоомжоо улам цэгцтэй болгохыг шаардаж байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Монгол оронд үйл ажиллагаагаа явуулж буй шашнуудын толгой байгууллагуудад албан ёсоор хүргүүлж санал авсны дараа УИХ-д өргөн барих болно гэдгийг уулзалтын үеэр мэдэгдэв.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсад шашны байгууллага, сүм хийд байгуулах, бүртгүүлэх үйл явцыг улам тодорхой болгон журамлаж, сүм хийдийн өмчийн хэлбэрийг нэг мөр болгох зорилготой юм. Түүнчлэн Монгол Улсад хүчирхийлэл, алан хядлага үйлдэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, садар самуун явдал, үндсэрхэг үзлийг тунхагласан шашны харгис урсгалыг номлох, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглох нь зүйд нийцнэ гэдгийг дурдав.