Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.30/ Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын сарын ээлжит хуралд оролцов.
Гадаад, дотоодын 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон тус хуралд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, эрх зүйн шинэчлэл болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа хуралд оролцогчид Монгол Улсын Их Хурлын даргаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.
Монгол дахь Америкийн худалдааны танхим нь хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, Монголд АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Вашингтон дахь Америкийн худалдааны танхим, Ази Номхон далайн бүсийн 28 ижил байгууллагатай хамтран ажилладаг.
Монгол дахь Америкийн худалдааны танхимаас сар бүр зохион байгуулдаг энэхүү хурлын үеэр бизнес эрхлэгчид шийдвэр гаргачидтай уулзаж, бизнесийн орчинтой холбоотой асуудал, хөрөнгө оруулалтын талаар санал солилцдог юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.