Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.02.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

DSC_5470

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь цэцийн дүгнэлт гарахын өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн ойд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гаргасан тухай яриа байна. Иймээс энэ мөнгийг юунд зарцуулсныг ил болгох шаардлага байгаа тул цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж байгаагаа хэллээ.

DSC_5466

Тэрээр мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Учир нь өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн мэдээлэл байгаа учраас энэ асуудлыг магадалж байж хэлэлцэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байв.

Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд цэцийн 11 дүгээр дүгнэлтийг одоо хэлэлцэх нь цаг хугацааны хувьд ч таарамжгүй байна. Тиймээс цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг гаргаж энд яригдаж байгаа мөнгөний асуудлыг магадалж тодруулах нь зүйтэй гэлээ.

DSC_5468

Харин Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар цэцэд хандсан эсэх асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн, энэ нь хүчин төгөлдөр бус асуудал юм байна. Иймээс өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд явах боломжтой гэсэн хариулт өгсөн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр өнөөдөр тохиож, чуулганы нэгдсэн хуралдаан таарч байгаа учраас гишүүд түүний дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргасан юм. Энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амь үрэгдсэн хэргийн учрыг манай хууль сахиулах байгууллагынхан өнөө хүртэл олж чадахгүй байна. Хууль сахиулах байгууллагынхан хуулийн дагуу шуурхай ажиллаж, энэ хэргийн учрыг хурдан олох ёстой гэлээ. Ингээд гишүүд суудлаасаа босч ардчилсан хувьсгалын удирдагч агсан Санжаасүрэнгийн Зоригийн дурсгалыг хүндэтгэлээ.

DSC_5461

Дараа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг гарган асуудлыг байнгын хороон дээр эргэж хэлэлцэх шаардлагатай байгаа тул завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Хуралдаан даргалагч тус намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч ажлын 5 хоногийн завсарлага өгсөн юм.

DSC_5464

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы энэ оны 7 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга  хэмжээ”-ний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм  гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …