Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтнууд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Холбооны чиг үүргийн дийлэнх нь төрд байсан. Хуулиар олгогдсон 12 чиг үүргийн 10-ыг нь хэрэгжүүлэхэд миний би гар бие оролцож явсан байна. Тиймээс нэг их түүртэхгүй ажиллах байх гэсэн итгэл үнэмшил байна” гэдгээ хэлээд Тамгын газрын ажилтнуудаас “Монгол Улсын хөгжилд нөлөөлөх ажил хийж байгаагийн хувьд идэвх, санаачилга гарган ажиллаарай” хэмээн хүслээ.
Тус уулзалтын үеэр анхны ерөнхийлөгч Д.Батсүх шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэгт Монголын Хуульчдын холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус холбооны дүрмийн эх хувийг гардуулан өгөв.
Шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэгт ажил хүлээлгэж өгөх комиссыг Хуульчдын холбооны зөвлөлөөс байгуулах бөгөөд Зөвлөл аравдугаар сарын 07-нд хуралдах юм.