Сард 8000-10000 айл шинэ суурьшлийн бүсэд бууж байна

Snapshot_2013-07-17_112453 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр  нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахын тулд засвар шинэчлэлтийн томоохон ажлуудыг цаг алдалгүй хийх шаардалгатай байгаа тухай хотын даргад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлага танилцуулсан юм.

Өдөрт л 300 гаруй иргэн хотын иргэншил авч, сард 8000-10000 айл  шинэ суурьшлийн бүсэд бууж байгаа учраас Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудыг цахилгаанаар бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс зарим үед цахилгааны хүчдэл муу байх тохиолдол байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд л гэр хорооллын зарим хороодод цахилгааны эрчим хүчний ачаалал 41,3 хувьд хүрч байсан байна.  Өнгөрсөн оны хувьд хамгийн их ачааллатай гэр хороолол нь Баянхошуу байсан бол шинээр орон сууц, оффис, томоохон хэмжээний үйлчилгээний барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын төвийн урд болон зүүн хагасын ачаалал 23,3хувиар тус тус нэмэгджээ. Ер нь өвлийн ачааллын оргил цагаар 80-аас дээш хувь ачаалагдсан трансформатор  238 байсны 67 нь 100-аас дээш хувь буюу хэт ачаалагдаж байсан, ирэх өвөл үүнээс илүү ачаалалтай байх төлөв ажиглагдаж байна гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-ийн удирдлага онцлон хэллээ.

Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд гэр хороололд шинээр шугам трансформатор нэмж суурилуулах, хотын төвд дэд станц барьж ашиглалтад оруулах, гэр хороололд 35 кВ-ын дэд станцууд нэмж барих, ашиглалтын хугацаа дууссан хуучирсан шугам сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтөд цахилгаан шугам сүлжээний төлөвлөлтийг дэлгэрэнгүй тусгаж оруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх  шаардлагатай болжээ. Хотын дарга эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээ. Мөн дэд станц барих газрыг судлан, боломжтой газрыг тогтоохыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд олон засвар шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд 10 сарын дунд гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …