2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор боллоо. Камераар зөрчлийг яаж илрүүлэх вэ?
Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл,зөрчлийн тухай мэдээлэл автоматаар хэвлэгдээд гараад ирнэ. Түүнийг нь дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг шуудангаар, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэнэ.Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн тохиолдолд ч торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт ньочно.
Зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм. Хэрвээ иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь SMS явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх юм. Иргэн өөрөө болон өөр хэн нэгэн машиныг нь барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн автомашины эзэмшигчид ирнэ. Мөн албан байгууллагын нэр дээр байдаг автомашиныг барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас албан байгууллагын нэр дээр очих юм. Ингэснээр цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжиж байгаа юм.
Улаанбаатар хотод автоматжуулсан камер хэд байгаа вэ? Зөрчил илрүүлэгч камерууд иргэдийг хохироохгүй байх баталгаа бий юу?
Өнөөдрийн байдлаар хотын хөдөлгөөн ихтэй 11 уулзвар дээр камер байршуулсан. Цаашид камерын тоог нэмнэ.Камеруудыг Монгол улсын Хэмжилзүйн зөвлөлийн 2013 оны 6 сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрч, хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийн 395 дугаар гэрчилгээ олгосон. Тиймээс зөрчлийн буруу хэвлэх, иргэдийг хохироох асуудал гарахгүй. Олон улсад хэрэглэж байгаа стандартын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа гэж хэлэх байна
Цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.БАТЦООЖ-оос тодрууллаа.