Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэн цагаас хурцаар яригдах болсон нэг асуудал нь дамжиж суухад хөнгөлөллт үзүүлэх явдал байсан. Уг асуудлаар Улаанбаатар Смарт карт ХХК болон нийслэлийн удирдлагууд анх амлахдаа сэлгэн суултыг үнэгүй болгосноор автобусны маршрутыг богино эргэлттэй болгон нийтийн тээврийн давхцлыг бууруулж, иргэд цаг хожин зорчих боломжтой хэмээн тайлбарлаж байсан.
Харин сэлгэн суултын асуудлаа шийдэлгүй богино эргэлтийг үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэх болсон. Тэгвэл нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн сэлгэн суултын үнийг 60 хувь хөнгөлөхөөр болсон тухай дуулгажээ. Ингэснээр иргэд эхний автобусандаа 500 төгрөг төлсөн бол дараагийнхдаа 200 төгрөгөөр зорчих боломжтой аж.
Харин хүүхдүүд эхний автобусандаа 200 төгрөг төлсөн бол дараагийн сэлгэн суулт нь үнэ төлбөргүй байх юм байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт болох Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар уг асуудлыг эцэслэн хэлэлцэх бөгөөд уг хурлаар иргэд хэзээнээс эхлэн сэлгэн суултын хөнгөлөлт эдлэх нь тодорхой болно.