Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ.
Байнгын хорооны хуралдаан 14 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Хуралдаанаар эхлээд тус байнгын хорооны дарга Б.Болор Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, чөлөөлсөн юм.
Дараа нь Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг томилуулахаар санал гаргаж буй тухай танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон 13 гишүүн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг тус байнгын хорооны даргаар томилох саналыг 100 хувь дэмжсэнээр байнгын хорооны шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэй дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Дээрх хуулийн төсөлд эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт олон улсын буцалтгүй тусламж, хариу төлбөргүйгээр орж ирж байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Уг татварын чөлөөлөлт нь зөвхөн эмнэлэг, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хамаарах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.