Засгийн газар энэ оны төсвийн тодотголыг өргөн бариад байгаа. Энэ оны төсвийг дахин тодотгож, урсгал зардлыг бууруулж, энэ хүрээнд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны энэ оны сүүлийн 3 сарын цалинг 30 хувиар буурулж дэд сайдгүй байхаар төсөлд тусгасан.
Энэ оны төсвийн тодотголын дагалдах хуульд Засгийн газрын бүтцдээ ч өөрчлөлт оруулж данхайсан бүтцээ цомхотгохоор шийдсэн байна. Төсвийн тодотголоор Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай дагалдах хууль өргөн баригджээ. Энэ хүрээнд одоогийн 15 яамыг 9 болгож татан буулгахаар болсон байна. Засгийн газрын бүтцийг ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Дэд бүтцийн яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болгон өөрчилжээ. Энэ өөрчлөлтөөр одоогийн Эрүүл мэнд, спортын яамыг ХАХНХЯ-тай нэгтгэн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, ХХАА, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэн Хөдөө аж ахуйн, БСШУ-ны яамыг Гэгээрлийн яам, БХБЯ, Эрчим хүчний яам, Зам, тээвэр аялал жуулчлалын яамыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгохоор өөрчлөлт оруулсан байна.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, танхимаа төлөвлөн оруулж ирдэг. Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт Шийдлийн Засгийн газарт хамаарахгүй бололтой. Учир нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан тохиолдолд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс буюу ирэх УИХ-ын сонгуулийн дараагаар мөрдөхөөр тусгасан байна.
Эх сурвалж: times.mn