Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд төрийн албан хаагч бүсгүйг хүчирхийлж, зодсон хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан сумын Засаг даргын орлогч Х, Засаг даргын Тамгын газрын дарга А нарыг сэжигтнээр татаж, шалгаж байгаа.
Хохирогч бүсгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч баасан гаригт Нэгдүгээр эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Хүнд гэмтлийн улмаас гэдсээ тайруулжээ. Зодуурын улмаас уушгинд нь цус хурсан, дасваг нь цоорсон гэсэн эмчийн дүгнэлт гарсан байна. Азаар бүсгүйн саванд ямар нэгэн гэмтэл учраагүй аж. Гэвч Гэмтлийн эмнэлэг ачаалал ихтэй учраас хагалгааны дараа өөр эмнэлэгт шилжүүлэхээс аргагүй хүрчээ.
Харьяаллын дагуу бүсгүйг Төв аймгийн эмнэлэгт шилжүүлэх ёстой. Гэвч УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс “нутагтаа буцвал эрх мэдэлтэй албан тушаалтнуудын дарамт шахалтад орж болзошгүй” хэмээн хардаж, мөрдөн байцаалтын явц, асуудал шийдэгдэх хүртэл нэгдүгээр эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна.
Хохирогч бүсгүйн бие харьцангуй сайжирч байгаа ч хөл дээрээ босч чадахгүй, хэвтэрт байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэв. Тэрээр эмэгтэй гишүүдээ төлөөлөн хохирогч бүсгүй болон түүний ар гэрийнхэнтэй уулзсан байна.
Хохирогч бүсгүйг “биеэ үнэлэгч, хоёр хүнтэй явалддаг энгэр султай” хэмээн мэдээлэл цацагдах болсон. Энэ нь сэжигтнүүд болоод сумын удирдлагуудын зүгээс ёс зүйгүй үйлдэлээ далдлах гэж явуулж буй худал мэдээлэл гэдгийг тэрээр мөн учирлалаа. Тухайлбал, сэжигтэн Х нь хоёр өмгөөлөгчтэй, А ч мөн адил өндөр үнэтэй хоёр өмгөөлөгч хөлсөлсөн байна. Харин хохирогч одоогоор өмгөөлөгчгүй байгаа. Хэрэг гарснаас хойш сумын удирдлагуудын зүгээс хохирогчтой нэг л удаа ирж уулзалт хийсэн байна.
Хэргийн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Хуралд сууж байхад нь Тамгын газрын дарга А хүн явуулсан байна. Хөдөө малын гоц халдварт өвчин гарсан тул яаралтай ир гэсэн. Хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүрэг. Тэгээд СХД-т гарсан гоц халдварт өвчинд би яагаад очих ёстой юм бол гэж бодсон ч удирдлага дуудсан учраас очсон юм билээ. Гэтэл гоц халдварт өвчин биш айлын унага тамгалах найранд очсон гэсэн. А санаатайгаар худлаа ярьсан байгаа биз. Санаатайгаар худлаа хэлж бүсгүйг авч явсан хүнд хариуцлага тооцох ёстой. Гэтэл гадуур сул чөлөөтэй явж байна. Мөн А өөрөө охиныг нийслэлд авч ирсэн. Эхлээд хувийн эмнэлэгт хандаад дараа нь нэгдүгээр эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт авч ирсэн байна лээ. Гэмтлийн эмнэлэгт авч ирэхдээ охиныг хээр хэвтэж байсан. Огт танихгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа юм. Өндөр үнэтэй өмгөөлөгч аваад охиныг хоёр хүнтэй зэрэг явалддаг, биеэ үнэлэгч мэтээр нийгэмд ойлгуулах гэж байгаа нь үнэхээр аймшигтай. Бид эцсээ хүртэл энэ охиныг хамгаалах болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Ямартай ч хохирогч бүсгүйд өмгөөлөгч авч өгөх ажлыг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хариуцаж, Л.Эрдэнэчимэг эмчилгээний асуудлыг нь хариуцсан гэлээ. Мөн эмэгтэй гишүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна.