Ээж нь орхиод явсан 8 сартай бяцхан охиныг аав нь аргагүйн эрхэнд гэртээ уяж үлдээгээд ажилдаа явдаг байсныг хажуу айлын хүн нь олон нийтэд мэдэгдснээр фэйсвүүкт нэгдсэн сайхан сэтгэлтэй эхчүүд аавынх нь зөвшөөрснөөр өөртөө авч өсгөн өдгөө 2 нас хүргэсэн тухай мэдээлэлийг хүргэсэн. Мөнхзул охиныг өсгөхөд олон ээжүүд бие биедээ туслан өдийг хүртэл болгож ирсэн боловч цаашид охиныг аавын нь халамжинд үлдээх, улмаар өөрийн гэсэн гэр оронгүй, айлын хашаанд хүний гэр барьж, өөрөө Нарантуул зах дээр тэрэг түрдэг охины аав Мөнхбаярт туслах, аав охин хоёрыг гэр оронтой болгох зорилгоор охиныг өдий болтол гэртээ өсгөж байсан Urka Choijil эгч болон Chimeg’s kitchen фэйсвүүк пэйж хуудасны админ Chimeg Erdene нар олон нийтэд хандан “Аавдаа тусалья” аяныг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн байдаг.
“Аавдаа тусалья” аяны хүрээнд дээрх хоёр бүсгүй Монгол HD телевизээр орж бодит байдлыг илэрхийлсэн мэдээлэл өгч, өөрсдийн фэйсвүүк болон пэйж хуудсуудаар хандивын аян зарласан тухай мэдээллийг илэрхийлсэн пост оруулсан байдаг.
Өглөө.мн сайтын хувьд “Өвлийн хүйтэнд гэртээ уягддаг байсан бяцхан охинд туслахыг уриаллаа” гарчигтайгаар Chimeg Erdene -ийн оруулсан постыг өөрийн сайтаар дамжуулан олон нийтэд хүргэсний зэрэгцээ хэд хэдэн сайтуудаар тухайн мэдээллийг түгээн мэдээллийн спонсорын үүрэг гүйцэтгэж оролцсон. Аав охин хоёрыг сэндвичин зөөврийн байшинтай болгоход шаардлагатай 4 сая төгрөгийн хандивыг олон нийтээс босгох зорилготой эхлэсэн “Аавдаа тусалья” аян амжилттай болж өнөөдөр өндөрлөхөд аав охин хоёрт төлөвлөснөөс илүү их хандивыг зохион байгуулагчид цуглуулж чадсан тухай чихэнд чимэгтэй мэдээлэл бидэнд ирлээ.
Монголын ард түмэндээ, уншигчиддаа талархалаа гэж хэлэх байна. Та бүхний нэмэр хандивын буянаар удахгүй аав охин хоёр элэг бүтэн, орох оронтой, амьдрах газартай боллоо. Энэ дашрамд бяцхан охиныг төрүүлсэн ээжээс илүүтэйгээр харж хандаж, түүний төлөө сэтгэл зүрхээ гарган зүтгэсэн Urka Choijil, Chimeg Erdene нар олон мянган уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Ингээд та бүхэндээ тус хандивыг зохион байгуулсан Chimeg Erdene -ийн хандив өргөсөн олон нийтэд хандсан пост болон хандивын талаарх ерөнхий мэдээллийг хүргэе.
***
2015-10-08 ны 13 цаг 18 минутанд “Chimeg*s kitchen хэмээх энэ хуудасны админ Э.Эрдэнэчимэг миний бие пост бичиж эхлүүлсэн “Аавдаа тусалъя” хэмээх аав Мөнхбаяр, охин Мөнхзул нарт туслах сайн үйлсийн аян маань өнөөдөр буюу 2015 оны 10 сарын 12-ны бас морин цагтаа өндөрлөж байна аа. Өндөрлөж байнаа гэсэн учир нь миний зүгээс шалтгаалах үйл ажиллагаа маань үүгээр албан ёсоор жаргаж байна. Цаашид охин, аав хоёрт маань туслах та бүхний сэтгэлийг энэ хоёр маань үргэлжид талархаж хүлээж авах болноо гэдгээ мөн энэ зуу зуун сайхан сэтгэлт ах дүүсдээ охиноо энх тунх эрүүл саруул өсгөөд эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож төлөвшүүлнээ гэж аав Мөнхбаяр маань сэтгэлийн үгээ та бүгдэд дайлгаж байна лээ. Охины өөрийн нэр дээрх Хаан банкны 5076421414 тоот дансанд хандив хүлээж авах болно, уг дансруу та тусламж илгээх бүрэн боломжтой. (Өнөөдрөөс эхлэн Хаан банкны 5021391334 Э.Эрдэнэчимэг гэх миний дансруу хандив авах үйл ажиллагаа зогссон болохыг мэдэгдэе)
Юуны өмнө энэ бүх хандив тусламжийг ийм богинохон хугацаанд босгож чадсан миний Монголын сайхан сэтгэлт ард түмэндээ бүгдэд нь гүнээ талархаж байна. Хөгшин залуу хүүхэд хөгшидгүй л бүгд л чадлынхаа хэрээр л тусч сэтгэлээ шингээж байсан юм. Тухайлбал 3 сартай Арвин сүүнийхээ мөнгөнөөс илүүчлэх, дэлгүүрийн худалдагч охин өдрийн хоолны норм 3000 төгрөгөө хандивлах, хагалгаанаас гараад удаагүй ч сэтгэлээрээ боломжоороо хандив өргөсөн залуу, өөрийн сэтгэл ур ухаанаа шингээж охиндоо дээл мэтгэсэн 75 настай буурай, өвөөгөөсөө харамлаж охиндоо салимон бэлэглэсэн ач охин, орой нь дэлгүүрт нь хулгай орсон ч маргааш нь энэ аянд маань нэгдэж аав охин 2т тусласан залуу гээд л бүх хандив өргөсөн та бүгдийн сэтгэл ямар аугаа байсан гэж сананаа. Бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ боловч энэ их мөнгийг та бүхэн минь хүүхдийнхээ хоолноос, өмсөх зүүхээсээ,хэрэглэх хэрэглээнээсээ, унааны билет тэр байтугай татах тамхиныхаа мөнгөнөөсөө гээд л энэ бүгдийгээ танан сэтгэлээсээ илүүчлэн байж хандивын аянд нэгдсэн нь дамжиггүй.
“Эрдэнийн алтан өргөө” компани маань 8 саяын өртөгтэй байшингаа 6 сая төгрөгөөр барьж өгч гүн туслалцаа үзүүлж байна. “Тулга“ тавилгын үйлдвэр маань гал тогооны тавилга үнэгүй хийж өгч байгаа. (Жич: дээрх 2 компанитай Үүрцайх ээж маань өөрөө гүйж хөөцөлдөж байгаад хийлгэхээр тохиролцсон байсан юм шүү).
Тийм болохоор миний пост хийснээс хойших, над дээр ирсэн тайлангаа би тавих нь зүйтэй байх гэж бодлоо.
“Аавдаа тусалъя” аяны хүрээнд:
– 5021391334 Э.Эрдэнэчимэг дансаар 7,188.000 төгрөг
(дансны дэлгэрэнгүй хуулгыг та ЭНДЭЭС үзээрэй. Мөн таны гүйлгээ амжилттай хийгдсэн эсэхийг та шүүгээрэй. Өнгөрөгч хоногуудад ухаалаг мэдээ үйлчилгээний төлбөрөөс бусадаар өөр ямарч зарлага энэ данснаас гаргаагүй болно)
– Мөнхбаярын Мөнхзул охины өөрийн Хаан банк 5076421414 дансанд 1,200,000 төгрөг
–“Тунгалаг талс” вакум цонхны үйлдвэр байшинд нь цонх хийж бэлэг барьж байна.
– Пассаж худалдааны төвийн хөшигний дэлгүүр цонхонд хөшиг тааруулж оёж өгч байна.
–“Болор шүд” шүдний эмнэлэг аав охин хоёрын амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээ
–“Tod-H” хүүхдийн эмнэлэг охинд хэрэгтэй үзлэг, зөвлөгөө,шинжилгээ, эмчилгээ
–“Ачтан” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэгээ шинжилгээ хийж өгөөд олсон орлогыг хандивлах (гэвч хугацаа богино байсан тул хамтран ажиллах байгууллага олдсонгүй)
– Дүнжингарав худалдааны төвийн 990-р лангуу аав охин тус бүрд гудас, хөнжил, цагаан хэрэглэл, бүтээлэг
–“World organic food” ХХК компаний хамт олон 500,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүний дээж
-Өглөө.мн сайтын захирал Ц.Мөнхбаатар мэдээллийн ивээн тэтгэгч
–“Органик бал” хамт олон 10 шил зөгийн бал
-Барилгын компани……. компани 10 ширхэг холигч
–Иргэн Б.Ганбат -нэг портер нүүрс
–Deutche velle компани обой нааж өгөх
–Обой.мн обой нааж туслах
-“Night plaza ”254р лангуу хүүхдийг хувцаснууд
-Уянгаа Төрбадрах аавд өвлийн дулаан куртик, 100,000 төгрөг
-Altangerel Ayurzan-хүүхдийг гутал 2ширхэг
-Нарантуяа-хүүхдийн д витамин 3ширхэг
-Ichka Jagaa- өөрийн орчуулсан ном
-1-р эмнэлэгт хэвтэж буй өвчтөн залуу-10000 төгрөг
-Учрал-салимон, 5000 төгрөг
-“1000” shop -20000 төгрөгний гэр ахуйн бараа, хүүхдийн цамц
-Davaadulam Dashka-хүүхдийн хоолны ширээ
-Бадмаараг Энх-хүүхдийн хувцас
-Bachka Moon- манго кидсийн 100,000 төгрөгийн бараа авах эрх
-Nj Nomin-шинэ хүүхдийн пүүз 2ширхэг
-Цолмон- “ Penaten” хүүхдийн саван , шампунь
– Амарсанаагийн гэр бүл –хүүхдийн машины суудал, хоолны ширээ
-Baigalmaa Batbold- хэрэгтэй үед өөрийн гарын амттан хийж өгөх
-Азархүү Мишигтайван-хүүхдийн хувцас
–Өндөр настан өөрийн гараар хийсэн дээл, түүний хүү Ганхуягийн гэр бүл 50000 төгрөг
-Ганзаяа-2 шинэ цүнх
-Orloi Shavi- зарсан нэг бараа ( блинчик хайрагч) тутмаас 5000 төгрөг буюу 100.000 төгрөг
-Дашням Ундрал-20000 төгрөг
Khaisdavaa Enhhkargal-агаар шүүгч (шинэ)
-Т.Дамбаравжаа найзуудын хамт нүүлгэлцэж өгөх
-Maestro Gt-хүн хүчээр туслах
-Battuya Bat- baby care үүргэвч
-Эгшиглэн-хөмүүл зарж шил тутмаас 1000 төгрөг буюу 10000 төгрөг
-нэг ээж маань 2ш хэрээсэн хатгамал
-бас нэг ээж 10000 төгрөг
-Ундраа Ишдорж-аавд шинэ костюм хослол
-Solongo Batbayr охинд куртик
– Мөн уг пейжний минь байнгын уншигчид боломжоороо шейр хийж, урам хайрлаж байлаа.
Эдгээр хандив тусламжууд цугласан байна.( бараг л бүгдийг бичсэн шиг л санагдаж байна, за юмыг яаж мэдэхэв хүний тус мартаад орхигдуулсан байх вий дээ, надад хэлээрэй ). Миний 5021391334 дансан дахь цугласан 7,188,000 төгрөгийн хандивийг охин Мөнхзулын хаан банк 5076421414 тоот дансанд тоо ёсоор нь шилжүүлж өгөв.
Энэ аян болж байх хугацаанд дүүргийн ИТХ-ын нэгэн гишүүн охин аав 2-т өөрийн гэсэн газартай болоход тусалсан бөгөөд байшиндаа үлдэгдэл мөнгөө тушаагаад, одоо уг газраа засаж янзалж тэгшлээд хашаа барих, хашааны хаалга хийх, шинэ оо ухах, барих гэх мэт ажлууд үлдсэн тул ээжүүдээрээ хамтраад уг ажлыг хийж гүйцэтгээд, тэр хоёрынхоо тохьтой тухтай байгаа байдлыг эргэж мэдээлэх болноо.
Миний Монголын ард түмний сүү шиг цагаан энэ сайхан сэтгэл үргэлжид дэвэрч сагаж байх болтугай.
Та бүхний үйлдсэн буян эргээд таны үр хүүхдэд ерөөлийн цагаан бороо болж орох нь дамжиггүй, маш их баярлалаа та бүхэндээ.
Та бүхний гүнээ хүндэтгэсэн админ Чимэг