Монголд жилд дунджаар 7000 хүн түлэгддэг бөгөөд тэдний 80 хувь нь 0-3 насны нялх хүүхдүүд байна. Хүнд түдэгдсэн хүүхдүүдийн 70 гаруй нь амиа алддаг харамсалтай баримт байна.
Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн бяцхан үрсийн өөдөсхөн биедээ ахадсан өвчин шаналалыг өрөвдөж хараад зүгээр өнгөрмөөргүй байна. Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж эмчилгээнд нь нэн шаардлагатай байгаа 2 тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” төслийг хэрэгжүүлж байна. “1000 төгрөг” төсөл нь энэ нэвтрүүлгийг үзэн суугаа, сонссон дуулсан зүрх сэтгэлтэй МОНГОЛ хүн бүрийн хандивлах 1000 төгрөгөөр дээрх 2 тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслэлийн хамт авч өгөх зорилготой. Авч өгөхийг зорьж байгаа тоног төхөөрөмжүүдээ танилцуулъя.
Нэгдүгээрт, Арьс зүсэгч автомат төхөөрөмж. Их хэмжээний түлэгдэлттэй хүний амь нас, эрүүл мэндийг аврахын тулд ихэвчлэн арьс нөхөх хагалгаа хийдэг. Ингэхдээ манай эмч нар эрүүл хэсгийн арьсыг зүсч авдаг энэхүү гар ажиллагаатай төхөөрөмжийг одоо хэрэглэж байна.
БНСУ-д хэрэглэгддэг хамгийн сүүлийн загварын арьс зүсэгч автомат төхөөрөмжийг бид авч өгөхийг зорьж байна. Энэхүү төхөөрөмжийн урд хэсгийн зүсдэг хутга нь тодорхой хугацааны дараа мохдог учир сольж хэрэглэдэг. Тиймээс “
1000 төгрөг” төслийн багийнхан запас 200 ширхэг ирийг авч өгөх юм.
1000 төгрөг төслөөр цуглах хандивын мөнгөөр авч өгөх 2 дахь төхөөрөмж бол хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгч юм. Биологийн тусгай зориулалтын энэхүү хөргөгч БНСУ-с авах болно. Мөн хандивын мөнгөний тодорхой хувиар нь эхний ээлжинд хэрэглэх хиймэл арьсны нөөцийг авна. Солонгос Хятад улсуудад Хиймэл арьс ердөө 1 см куб нь 100 орчим ам.долларын үнэтэй. Монголд энэ хиймэл арьс нь байдаггүй . Тиймээс л Солонгос улс руу эмчилгээнд явсан иргэд ихэвчлэн хиймэл арьс суулгах хагалгаанд орж дунджаар хамгийн багадаа 150 сая, цаашлаад ихэвчлэн 400 хүртэлх сая төгрөгөөр эмчилгээ хийлгэх болдог.
“25-р суваг” телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа “1000 төгрөг” төслөөр Түлэнхий нөхөн сэргээх тасагт авч өгөх арьс зүсэгч автомат төхөөрөмж дагалдах ир, хиймэл болон донор арьс хадгалах төхөөрөмж, эхний нөөц хиймэл арьсны хамт нийлээд 110 сая төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг бид сайхан сэтгэлт монгол хүн бүрийн хандивлах 1000 төгрөгөөр бүрдүүлэхийг зорьж байна.
“1000 төгрөг” төсөл 10-р сарын 12-ноос 19-ний хооронд үргэлжилж ирэх
даваа гараг буюу 20-ны өдөр Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй
хүүхдүүдэд тоног төхөөрөмжүүдээ гардуулан өгөх өдрийг хамтдаа бүтээцгээе.
Эх сурвалж: www.paparatsi.mn