Намрын салхи хацар нүүрийг илбэж, жаахан жихүүдэс тээсээр ажилдаа алхсаар ирсэн би нэг эмэгтэйн тухай бодож байлаа. Монголчуудын унших дуртай ширээний сэтгүүл болоод байгаа “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон билээ. Ойн хүрээнд олон ажил Грандынхан зохион байгуулав. “Гранд” сэтгүүл, “Гранд хүмүүс” сангаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ зөв сонгоё” аяныг Уран бүтээлийн язгуур нэгдлийнхэнтэй хамтран зохион байгуулж, 9 дүгээр сарын 12-ны Бямба гарагт бүтэн өдрийн турш хүүхдийн инээд, дуу хуур, хүсэл мөрөөдлийн эрчим хүч, хурц цацраг дунд өнгөрүүлсэн билээ.
Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль дээр өдөрлөгийн нээлтийг хийж, төгсөх ангийн сурагчдаас 80 орчим сурагчид тус өдөрлөгт хамрагдаж, дөрвөн бүлэгт хувааж, өрсөлдүүлэн, сурагч насны гэгээн дурсамж дунд нь жаргалтай нэгэн өдрийг энэ хамт олон нэмж өгсөн юм. Хүүхдийн хүсэл мөрөөдөл хязгааргүй. 80 хүүхэд 80 хүсэлтэй. 80 хүүхдийн бяцхан цээжин дэхь 80 хүслийг улам бадрааж, өрдөж өгснөөрөө тэд Монгол улсын ирээдүйн 80 залуу боловсон хүчинг илүү их хүч чадалтай, итгэл, зүтгэлтэй болгож өгсөн байх.
Тэднийг “Хархорин хүрээ” цогцолборын барилгын даамал, ерөнхий инженертэй уулзуулсанд барилгын инженер болох хүсэлтэй хүүхдүүдийн нүд нь өндөр тушаалтантай өдрийн хоол идэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаас ч хамаагүй гоё мэдрэмж байсан юм. Дараа нь ТВ-5 телевизээр оруулж, телевизийн бүтэц зохион байгуулалт хийгээд, телевизийн ажилчидтай уулзуулан KFC-д оруулан хооллож, Чингисийн талбайд дурсгалын зураг татуулан, ROYAL академийг зорьсон юм. “Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Н.Ариунболд “Миний хүсэл мөрөөдөл” нэртэй ярицлага лекцээ сурагчдад зориулсан нь хүүхдүүдийн сэтгэлийг бүр ч ихээр баясгаж байв. 65 дугаар сургууль бол нийслэлээс алслагдмал, гэр хороолол дунд байрлах хотын захын сургууль. Хүүхдүүдтэй өдөржин хамт аялж явахад өглөөгүүр дүнсгэрхэн байсан үе тэнгийнхэн нэг л мэдэхэд нүдэнд нь гэрэл цацарч, бие биедээ тусалсан жигтэйхэн эвтэй нэгэн цул ертөнц болоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хотын баруун захыг зорин гараа даллаасаар дуулж одсон билээ. Энэ бүхний ард тас тас хөхөрч, бүрх малгай духдуулсан залуу бүсгүй Урнаа болоод түүний хамт олон байсан юм. Хүсэл мөрөөдлөө ханзлан ичингүйрэн ярих 17 настнууд, бүхий л хүсэл мөрөөдөл, нарийн нандин нууцаа дэлгэж ярихгүй ч оч цацарсан нүднээс нь хорвоогийн хамаг аз жаргалыг түүж аваад уншчихмаар тийм нандин ертөнцийг харж явахдаа, ажил амьдралын түмэн дарамт шахалт, ачаа тээшийг түр буулган би ч бас гэрэлтэн инээмсэглэж явлаа. Тэндээс хоёр хүүхдийг шалгаруулан, их дээд сургуульд суралцах 2-4 жилийн тэтгэлэг олгох явдал байсан юм. Өдөрлөгийн төгсгөлт хүүхдүүд өөр өөрийнхөө хүслийг бичиж, түүнийгээ мод болгон бүтээж, эвлүүлэн жаазлаад “Хүслийн мод” нэртэй шидэт зураг болгож, Грандынханд барьсан юм. 80 хүүхдийн 80 хүслийг өөртөө шингээсэн аз жаргалын даллагатай “Хүслийн мод” одоо Грандын хойморт байгаа. Тэр мод бол амилсан мод юм. Түүнийг амилуулсан амин сүнс нь өөрөө хүүхдүүдийн юунд ч нугарашгүй чин хүсэл байсанд л оршино.
Урнаа сэтгүүлээ байгуулж, бүтээж босгоод 5 жил болжээ. Өнөөгийн ороо бусгаа цагт сэтгүүл хийнэ гэдэг өөрөө амаргүй даваа. Хийж бүтээсэн сэтгүүлээ барьж тогтоон тасралтгүй үргэлжлүүлэн гэдэг анх эхлүүлснээ ч хэцүү ажил. Гэвч найз минь хэцүү, хатуу гээд шантарсангүй. Хийсээр, урагшилсаар өнөөдөр 5 жилтэй золгож байна. Энэ л 5 жилийн хугацаанд хамтдаа байсан үнэнч уншигчидтайгаа тэд баяраа хуваалцсан юм. “GRAND awards-2015” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг ДБЭТ-д зохион байгууллаа. Баярт уригдсан зочид бүгд өөрийнхөө гоёл чимэглэлд улаан өнгө заавал оруулах явдал байв. Энэ нь “Гранд” сэтгүүлийн үндсэн улаан өнгийг хүндэтгэж, үдшийн соёлыг гайхуулах нэгэн хэлбэр ажээ. Зочид гийчид Грандынхны даалгаврыг төгс биелүүлсэн юм.
Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Гранд авардс” ёслолын арга хэмжээг энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ. Ёслолын арга хэмжээг Дон Кихот, Гран Па балетаар эхлүүлж, сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг албан ёсоор нээж үг хэлснээр эхэлсэн юм. Ёслолын арга хэмжээнд ирсэн гийчид олны танил, улс төр, урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүд байлаа. Өөрөөр хэлбэл хаанаас нь ч харсан тод хүмүүсийн цугларалт болов. Урлагийн ариун сүмийн алтан тайзан дээрээс 12 эрхмийн сүр жавхланг бадрааж “GRAND” хэмээн өргөмжлөн Бадамлянхуа цэцэг болон Очирын дүрс гэрэлтсэн болор соёрхолыг атгалуулж, намрын үдшийн хөх салхийг аргадан учирлав. Энэ оны Хүндэт Гранд хүмүүсээр Дэлхийн эрүүл мэндийн салбарт Монголын уламжлалт анагаах ухааныг таниулахаар зорьж яваа “Манбадацан” хийдийн хамба лам, гавж, Монгол улсын Гавьяат хүний их эмч Д.Нацагдорж, дэлхийд танигдсан эко технологийг Монголд нэвтрүүлж, зөв зохистой үйлдвэрлэлийг өрнүүлж яваа “Монполимет” группын зөвлөх Ц.Гарамжав нар тодорсон юм. Харин спортын салбарын GRAND mаn –ээр Хакухо М.Даваажаргал сумо бөхийн түүхэнд 33 удаа түрүүлсэн их амжилтаараа, 19 насандаа дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байсан Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд тус салбарын Grand lаdy болж гялалзлаа. Урлагийн салбарын Grand mаn Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрын эзэн МУГЖ Э.Амартүвшин, Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлж Яаралтай тусламжийн төв болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимуудыг тохижуулсан МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн ажил үйлсийг алдаршуулан Grand lаdy-гээр тодрууллаа. Улс төрийн салбараас Grand mаn-ээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Grand lady-ээр НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, бизнесийн салбарын Grand mаn-ээр “Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд, Grand lady-гээр Bennetton брэндийн Монгол дахь төлөөлөгч Н.Оюунбат, нийгэм соёлын салбарын Grand mаn Монголын шоу бизнесийн зах зээлийг сонгодог түвшинд “атгаж” буй “Sound of Mongolia” компанийн захирал Х.Дамдинсүрэн, Grand Lady “Гурван гал” эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэн нар, Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага “MCS Кока Кола” компани тус тус шалгарч, очир болон бадамлянхуа дүрстэй болор соёрхолын эзэд боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр “Мэргэлжээ зөв сонгоё” аяны хүрээнд шалгарсан хоёр сурагчид их дээд сургуульд сурах сургалтын төлбөрийн батламжийг гардуулж, хүрэлцэн ирсэн эрхэмүүдийг ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө хийх хүмүүнлэгийн ажлын үүд хаалгыг нээж өгөв. Хүүхдийн оюун санаа, мэдлэг боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол үнэлж баршгүй баялаг юм. Ирээдүйд төрөх олон олон Grand хүмүүсийн дотор хүсэл мөрөөдлөө зөв илэрхийлж, асар олон хүний шүүлтэнд торж үлдсэн дунд сургуулийн сурагч охидыг байгаасай гэж хүсэх минь тэр үдшийн баяр баясал байв.
Ёслолын үйл ажиллагааны эхний хэсэгт МУГЖ Мөнгөнцэцэг дуулсан Аидагийн ари, ирээдүйтэй дуучин гэгддэг Гомбо-Очирын авьяас олныг баясгав. Хийлч Дээгий үзэгчдийг байлдан дагуулах онцгой чадвараа гайхуулж Гранд ёслолын ажиллагааг улам чимэж, Гранд сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг ижийгээ баярлуулахаар зорьж, Нюанс хамтлаг, МУГЖ Д.Бүрнээбаяртай хамтран “Ээж минь” дууг дуулуулсан сэтгэлд дулаахан үдэш байлаа. Энэ дуунд хачин хайртай, нулимс цийлэлзүүлэн сонсож явдаг найзынхаа сонголтонд би ч бас баярласан юм. Дэлхийд Монголын нэрийг дуурсгасан алдарт “Домог” хамтлаг аялгуулж, ДБЭТ-ын яруу тунгалаг симфони найрал хөгжим, сонгодог уран бүтээлчдийн тоглолтууд алтан тайзыг баясгасан үнэхээрийн сонгодог байж чадлаа. ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжим “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлэнхэн энэ удаагийн ёслол хүндэтгэлийн “Grand awards -2015” өндөрлөсөн юм. Ирэх жилийн Grand-ууд өнөөдрөөс ажил үйлсээ жигдлэн алхаж яваа биз хэмээн бодогдоно. Хэн нэгний бусдын төлөө хийж бүтээсэн олонд тустай үйлийг алдаршуулж, бусдыг хүмүүнлэгийн үйлс рүү уруу татаж чаддагаараа Гранд ёслол өөрөө агуу юм. Ийм агуу ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулчихаад даруухан аж төрж чаддаг нь чухамдаа Урнаагийн минь чадвар юм. “Амьдралд хэтэрхий их юм хэрэггүй. Зүгээр л сайхан сэтгэлтэй байхад бүх юм болно” гэж боддог, ярьдаг энэ эмэгтэйн үйлс нь агуу юм. Урнаа Грандыг бүтээж олонд хүргэсэн бол Гранд сэтгүүл М.Уранчимэгийг олонд таниулж, бүх л хүсэл мөрөөдлийг нь биелүүлж яваа юм. Гранд сэтгүүлийн хамт олондоо 5 жилийн ойн баярын мэнд хүргэж, ирээдүйд сэтгэл баясгах олон сайхан үйлсийн мөнхийн гэрч болж яваарай гэсэн чин сэтгэлийн ерөөлөөр энэхүү бичлэгээ өндөрлөе.
Яруу найрагч Б.ЧУЛУУНЦЭЦЭГ
news.mn