Эрүүл мэндийн сайдын 2013 оны А 356 дугаар тушаалаар жил бүрийн 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэхүү ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төв “Хайрлая, тусалъя, дэмжье” аяныг зохион байгуулж байна. Тус аян нь хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн халамж үйлчилгээ нэн шаардлагатай настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх зорилготой юм.
Тус аянд Геронтологийн үндэсний төвийн хэсэг залуучууд нэгдэн хандив тусламж цуглуулан, дүүргүүдийн халамжийн хэлтэст санал тавьж хамтран халуун сэтгэлээр тусламж үйлчилгээг хүргэж эхэллээ. Бидэнтэй хамт хүрч үйлчлээгүй ч гэсэн хандив тусламжид нэгдсэн залуучуудын дэмжлэгээр сэтгэлийн бэлэг болох ахуйн хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэн үзлэг оношлогоо үйлчилгээ үзүүлсэн настан буурлууддаа бэлэглэж хэсэгхэн ч болов баярлууллаа.
Тус аяныг дэмжин оролцож буй дүүргүүдийн халамж үйлчилгээний хэлтэс болон Новартис фармацевтик эмийн компанийн монгол дахь суурин төлөөлөгч, facebook дэх шар шувуу бүлгэмийн нийт гишүүддээ гүн талархал илэрхийлье. Халуун сэтгэл, хандив тусламжийн аянд нэгдэн эмзэг бүлгийн харж асрах хүнгүй настан буурлууддаа дэмжлэг үзүүлэх хүн бүрд Геронтологийн үндэсний төвийн үүд хаалга нээлттэй байдаг ажээ.
Сайн үйлс бүхэнд түгэн дэлгэрэх болтугай…
Хүмүүсийн амьдралын хөлгүй их далайд
Хайр, халамж, халуун сэтгэлийн дэмээр дутаж яваа
Хөхрөн цайрч алсын алсад харагдах
Хөгөлгөр их Алтайн ноён оргил шиг
Настан буурлууддаа
Нэг ч өдөр болов халуун сэтгэлийн дэм үзүүлж
Нэг болов ч халамж үйлчилгээний асуудлыг нь шийдэж
Нарны цацраг адил гэрэлтэж явсан цагийг сануулж
Нартын жам хатуу гэдгийг мартуулахыг хүслээ бид…
Энэрэн хайрлах энгүй сэтгэлээр тусалж
Эмч сувилагчийн тусламж үйлчилгээг хүргэж
Элбэг халуун тансаг амьдрал бэлэглэхгүй ч
Илчит халуун галыг дөл шиг сэтгэлийн дэм хайрлая бид…
Нисээд одох аяны шувууд шиг
Нас нь өндөр буурлуудаа хайрлая
Одоо бид залуу эрч хүчтэй сайхан яваач
Орчлонгийн жамаар дараад л ирэх НАС шүү дээ.
Хүслээрээ бид сайхан амьдарна даа гэвч
Хүний тавиланг төлөвлөж болохгүй ЖАМ юм даа.
Буурлын хувийг бусдадаа түгээж
Буяны замд даган баясюу.
Геронтологийн үндэсний төв