Сайн байна уу, ээж ээ. Тантайгаа өчигдөр шөнө зүүдэндээ уулзаж, гэгээн ариухан төрхийг тань дахиад нэг харсандаа охин чинь хэчнээн их баярлаж сэрсэн гээч. Таныгаа чангаас чанга тэврээд, хацар дээр тань үнссэн тэр мэдрэмж хэдэн өдрөөр ч хамаагүй сэтгэлийг минь халуун дулаан илчээр дүүргэх байх гэж охин чинь найдаж сууна.
Та минь тэнгэр гэдэг холын замд одсоноос хойш хэдэн сар өнгөрсөн байна. Цаг хором ийм хурдан өнгөрсөн ч цээжин дээр минь хөндүүрлэдэг гуниг, хоолой дээр зангирдаг нулимс харин хатаж амжаагүй байна.
Таны хамгийн сүүлд надад бэлэглэсэн биеийн саван, биеийн тосыг охин чинь хэрэглэх болгондоо тандаа үнсүүлж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Хорвоогоор нэг хайгаад ч та минь алсын алсад одсонтой эвлэрч чадахгүй цээжиндээ асгарч байгаа гуниг, харууслаа охин чинь угааж байна гэж заримдаа төсөөлдөг.
Ээж ээ. Би тандаа хязгааргүй их хайртай. Тандаа өдөр бүр хайртай гэж хэлдэг байсандаа баярладаг. Магадгүй тэр үгийг хэлж амжаагүй байсан бол одоо би өөртөө хэчнээн их харамсах байсан бол.
Өдөр бүр таныхаа чанасан тэр л сайхан хужиртай цайны амтыг зөндөө их санадаг. Дахиад ганц удаа ч гэсэн тэр цайг амтлах юм сан гэж санааширдаг. Гэхдээ би ганцаараа биш, над шиг ээжээсээ тэнгэрийн зарлигаар хагацсан хүмүүс зөндөө байгааг ойлгож, орчлонгийн жамтай эвлэрч өөрийгөө дэмий л тайтгаруулах гэж оролддог. Заримдаа их уйлж таныгаа зөндөө шаналгадаг байх. Даанч зангираад байдаг нулимсаа тэвчиж чаддаггүйг минь уучлаарай.
Ээж ээ. Таны минь мэргэн ухаан, оночтой үг, халуун дулаан хайр хэчнээн агуу юм бэ. Ядраад, зовоод явж байхад таны минь гэлтэй тийм л сайхан бүхэн хаанаас ч юм гарч ирээд надад тусалдаг. Ээж ээ, тандаа захидал бичиж зүрхлэлгүй зөндөө удсаныг минь уучлаарай. Тандаа удахгүй дахиад захидал бичнээ.
Та минь тэнгэрийн орондоо тавтай тухтай байж, эргээд охиндоо үр минь болж төрөөрэй. Охин чинь өдөр бүр ингэж залбирдаг. Ачийг тань хариулж амжаагүй болохоор эргээд ирэхэд чинь хийж чадаагүй бүхнээ хийх гэсэн юм…
эх сурвалж: mongoljingoo.mn