Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн чиглэлийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард батлагдсан. Гэвч энэхүү тогтоол нь зарим иргэдийн дунд эргэлзээг бий болгоод байгаа. Учир юу вэ гэхээр дээрх тогтоол батлагдаад “Халх голын газрыг гадныханд өгнө”, “Солонгосчуудад Халх голын газрыг өглөө” гэх мэт ташаа мэдээлэлтэй холбоотой юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Халх голд нийт 58 мянган га газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа гэх судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Гэтэл Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгасан байдаг. Гэтэл замбараагүй газар олголт, нэгдсэн мэдээлэлгүйн улмаас хэд хэдэн аж ахуй нэгж зөвшөөрөгдсөн талбайгаа хэтрүүлэн ашигласан зэрэг зөрчлүүд байгаа юм.
Гэхдээ энэ бол өмнөх шийдвэрийн дагуу олгогдсон талбай. Харин Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэр УИХ-аас батлагдсаны дараагаар ямар ч газар олгох шийдвэр гараагүй зөвхөн судалгаа шинжилгээний шатанд явж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа энэ талаар “Тэндхийн нэг сөөм ч газар солонгосчуудад байхгүй. Хятадууд, япончуудад ч тэр. Солонгосчууд манай яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Зуун үхрийн эрчимжсэн фермийн аж ахуй, 50 үнээний ферм байгуулж, 200 га газарт усалгааны тоног төхөөрөмж суурилуулж өгсөн. Энэ бүхнийг Халх голд хөдөө аж ахуйн эрчимжсэн загвар аж ахуй болог гээд тэд өөрсдийн хөрөнгөөрөө босгоод Монголын талд өгөх гэж байна. Тэрийг нь монгол компани бариад хоёр тал өгөлцөж авалцах ажил нь үлдэж байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээ татваргүйгээр аваад гарна гэсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгджээ.
Монгол улсын хууль эрх зүйн зохицуулалтанд шинээр тариалангийн талбай бий болгох тохиолдолд доорх шат дамжлагыг хэрэгжүүлнэ гэж заасан байна.