Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

2Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна.

Тэгвэл тэрбээр өнөөдөр эдгээр нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм. 

Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар энэхүү шийдвэрийг гаргачихсан байна. Түүнчлэн тухайн өдрийн хурлын тэмдэглэлээс харахад “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээн хэлэлцжээ. Энэхүү шийдвэр нь Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчжээ.

Тус шийдвэрийг 2011 онд ИТХ-ын даргаар томилогдсон Н.Буяндэлгэр хууль бус хэмээн үзэж цуцалжээ. Гэвч Солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг Үйзэн тал, Цог Октаэрд, Ашдын нөхөр гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа юм. Холбогдох байгууллагын шалгалтаар эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан аж. Түүнчлэн газар эзэмших эрх авсан компаниуд хэдхэн хоногийн дараа өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, Үйзэн тал компани 14232 га талбайгаа Голденсояа, Нью-Ариг-Ус компанид хуваан худалджээ. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан байна. Газар эзэмших эрх цуцлах тогтоол гарсаны дараахан компани хооронд эзэмших эрх шилжсэн байгаа нь багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын наймаа байсан уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй. Учир нь Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан үйлдлийг АТГ шалгуулахаар боллоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …