Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газоаас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
• Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
• Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
• Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
• Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
• Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
• Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
• Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
• Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
• Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
• Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
• Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
• Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:
• Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
• Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
• Баллоны хаалтыг сайн хаах;
• Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
• Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
• Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;
Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:
• Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
• Баллоны хаалт ямарч согоггүй байна;
• Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
• Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах:
• Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
• Хийтэй баллоныг унагаж болохгүй;
• Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
• Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно.
• Баталгаажилтын хугацаа дууссан;
• Хаах хэрэгсэл бүрэн бус;
• Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
• Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
• Металл хийцэд өөрчлөлт орсон;
• Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР