Өвөрхангай аймагт “Сонголтоо хамгаалах эсэргүүцлийн цуглаан” зохион байгуулагдсан тухай бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Өврийн сайхан хангайд биднийг энэ сарын 15-ны өглөө очиход зуны дэлгэр цаг ийм байдаг гэмээр цаг агаар нь тогтуун сайхан байлаа.
Цуглаан үдийн 15:00 цагт эхлэх үед тэнгэр хуйсагнаж шороогоор шуурч, салхи ширүүсч байв. Гэсэн ч аймгийн төв талбайд өөрсдийн үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэхээр иргэд цугласаар байсан юм.
Өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болсноос хойш өвөрхангайчууд парламентад өөрсдийг нь төлөөлөх хүнгүй байгаад ихэд бухимдах болжээ. Учир нь тус аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 сонгогчийн санал авсан байдаг.
Гэтэл үүнтэй зэрэгцэн нэр дэвшигчид биесээ хууль зөрчсөн хэмээн мэтгэлцсээр өнөөг хүрч, тэдний асуудал шүүхийн шатанд байсаар байгаа юм.
Уг нь өнгөрсөн оны арванхоёр дугаар сард АН, МАН тохиролцоонд хүрсэн гэж ойлгогдохоор байсан . Учир нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү арванхоёр дугаар сарын 13-нд УИХ-ын гишүүний тангараг өргөн парламентад суух болсон.
Харин энэ сарын 10-ны өдрийн орой 18:00 цагийн орчим 10 дугаар тойргийн дахин нэг нэр дэвшигч тангараг өргөн, УИХ-ын гишүүн болсон нь Д.Зоригт байлаа.
Тиймээс өвөрхангайчууд бухимдан ийнхүү жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн хэрэг. Хачирхалтай нь нэгэнт шүүхээр эцэслэгдэхээр хүлээгдэж байсан асуудал нэг л орой төрийн түшээдийн хүслээр болсон учраас сонгогчид өөрсдийг нь доромжилж байна гэж үзэх болжээ.
Арвайхээрт болсон “Сонголтоо хамгаалах эсэргүүцлийн цуглаан”-ыг “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо”-ноос зохион байгуулсан.
Тус аймгийн бүх сумаас иргэдийн төлөөлөл ирж, оролцож байсныг энэ дашрамд дуулгах нь зүйтэй болов уу. Учир нь хэдий өөрийн биеэр ирэхийг зорьсон ч ахмадуудын биеийн байдал, амьдрал залгуулж буй хонь, мал гээд орон нутгийнханд мундахгүй их ажил байдаг болохоор тэд төлөөлөгч илгээсэн гэнэ.
Түүнчлэн цуглаанд оролцогчдын ярьж буйгаар олон хүн энэ талбайд ирж, үгээ хэлэх сонирхолтой байгаа аж. Харамсалтай нь хүүхдээ, дүүгээ, ойр дотныхоноо ажилгүй болчих вий гэж айсандаа цуглаанд ирэх байтугай төв талбай руу зүглэхээс ч зүрхшээж байгаа гэнэ. Сонгогчид, орон нутгийнхан эл асуудалд маш их бухимдаж байгаа төдийгүй зарим хүн “АН-ын батлахтай л бол юу ч хийж, ямар ч хэрэг тарьж байсан хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй байж болно гэх сэтгэлгээтэй хүмүүс олширсон” гэж байлаа.
Цуглаанд оролцогчид “Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайд ирэх нүүргүй боллоо, тэд бидэнд хэрэггүй, мөнгө тараавал, банк дампууруулвал УИХ-ын гишүүн болдог юм байна, бид сонголтоо дээдэлнэ, ард түмний сонголтоор биш түрэмгийллэээр гишүүн боллоо, шүүх засаглал өвөрхангайчуудыг доромжиллоо” гэсэн уриа, лоозон барьсан нь өнөөгийн парламентын гишүүд тэр дундаа Г.Батхүү, Д.Зоригт нарт хандаж буй нь илэрхий.
Түүнчлэн өвөрхангайчууд 2004 оноос хойш сонгууль ийнхүү маргаантай болдог болсон хэмээж байсан нь зөвхөн өнгөрсөн удаагийн сонгуулиас үүдэлтэй маргаан ч бас биш бололтой гэдгийг сануулсан.
Учир нь, УИХ-ын 2004 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Сугар, АН-аас нэр дэвшсэн З.Энхболд нарын дунд мөн л өнөөгийнх шиг маргаан гарч байжээ. Тухайн үед одоогийн монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “сонгогчдын санал бол хаан сонголт байдаг” хэмээн уриалж, АН-ын гишүүд, дэмжигчид мөн л уриа, лоозон барьж жагссаар өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд ялж байсан түүхтэй.
Тэгвэл өнөөгийн нийгэмд энэхүү хаан сонголт үгүй болсныг гэрчилж энэ удаагийн цуглааныг зохион байгуулж байна хэмээн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо”-ныхон ярьж байсан юм.
Бид цуглааныг зохин байгуулж буй “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо”-ны дарга Ц.Нямсүрэн болон иргэдээс зарим зүйлийг тодруулж сэтгэгдэлийг нь сонссон юм.
Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүнээс татгалзвал түр хороо ажлаа зогсооно
Ц.Нямсүрэн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо”-ны дарга
-Өвөрхангайчууд бид 2012 оны зургаадугаар сард хийсэн сонголтоо АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарт хууль бусаар, шүүхийн шийдвэрээр алдсандаа эсэргүүцэл илэрхийлж түр хорооноос жагсаал зохион байгуулж байна.
Өвөрхангайчуудын хувьд бүтэн жилийн турш шүүхийн үйл явцыг анхааралтай ажигласан. Шүүх шатны дараа асуудал нэг тийшээ жигдрэх байх гэж харж байтал дуусаагүй байхад нь Г.Батхүү, Д.Зоригт нар хууль бусаар УИХ-ын гишүүний тангараг өргөсөнд ихээхэн дургүйцэж байна.
Бид үнэндээ зүгээр сууж чадсангүй. Ямар нэгэн байдлаар сонгогчидтойгоо санаа бодлоо солилцъё, тэднийхээ эрх ашгийг хамгаалах түр хороог байгуулъя гэж шийдсэн. Тэгээд тэднийхээ дуу хоолойг сонсоё гэж бодсон.
Иргэдийн хувьд биднийг маш их дэмжиж байна. Г.Батхүү, Д.Зоригт нарыг эгүүлэн татах шаардах бичигт одоогийн байдлаар 1000 гаруй хүн гарын үсгээ зурчихсан байна.
Хэрвээ бид өвөрхангайн сонгогчдын 50-иас дээш хувь нь тэднийг УИХ-аас эгүүлэн татахыг дэмжиж гарын үсгээ зурвал энэхүү шаардлагаа УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барина. Шаардлага маань биелэхгүй бол хууль бус ямар замаар, шүүхийг хэрхэн яаж ашиглан өөрийн талд шийдвэрээ гаргуулж, парламентад суусан бэ гэх зэрэг баримт, материалуудыг сонгогчдод танилцуулна.
Үндсэн хуулийн сонгогдох эрхээ эдэлж байгаа бол ард түмэн ч гэсэн Үндсэн хуулийн дагуу сонголтоо хийсэн. Гэтэл түүнийг хэрхэн өөрчилж, уландаа гишгэж болдогыг ард түмэнд таниулна.
Хэрвээ тэд өөрсдөө парламентаас сайн дураараа татгалзвал манай түр хороо үйл ажиллагаагаа зогсооно.
Өвөрхангайчуудыг хууль мэдэхгүй хэмээн доромжилж байна
Б.Дамбий Хужирт сумын иргэн
-Би Хужирт сумаас 40 гаруй хүнтэй ирсэн. Энгийн иргэд бидний сонголтын төлөө залуус энэ түр хороог байгуулж, сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаад баяртай байна. Хөгшин хүний хувьд нутгийн хүүхдүүдийг хэн хэнийг нь л дэмжиж явдаг. Гэхдээ энэ чинь сонгуулийн үр дүн шүү дээ. Иргэдийн сонголтыг ингэж хүчээр, шүүхээр шийдэх байсан юм бол анхнаасаа хөрөнгө, мөнгө зарлагадаж санал хураах нэрээр жүжиг тавих ямар шаардлага байсан юм бэ.
АН-ынхан цэвэр луйвар хийж байхад хэзээ ч шударга сонгууль болохгүй, байж чадах ч үгүй. Миний хувьд тангараг өргөөд УИХ-ын гишүүн гээд байгаа хүмүүсийг биднийг төрд төлөөлж байна гэж бодох ч үгүй.
Өвөрхангайчууд бид ийм алхам хийхээс өөр арга ч алга. Хэрвээ тоо мэддэг хүн харвал андашгүй байгаа биз дээ.
Сонгогчдын саналыг шүүх, тэр тусмаа өвөрхангайчуудын асуудлыг нийслэлд, Хан-Уул дүүрэгт шийдвэрлэнэ гэдэг яаж ч бодсон зарчмын хувьд боломжгүй юм.
Одоо манай аймгийн хувьд сонгууль хийж, санал хураана гэдэгт итгэхэд тун бэрх болсон. Ард түмэн хэчнээн саналаа өглөө ч хаа хамаагүй газрын анхан шатны шүүх эцсийн шийдвэрийг нь гаргаж байна. Ард түмнийг дэндүү доромжилж байна.
АН-ынхан юм бүхэнд хүч түрж байгаа нь илэрхий харагдаад байна шүү дээ.
Үндсэндээ өвөрхангайчуудыг хууль мэддэггүй гэж доромжилж байгаагаас өөрцгүй юм. Хөгшин бид яах вэ. Одоогийн залуус, бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хууль мэддэг, гадарладаг хүн зөндөө бий. Тэгэхэд ингэж доромжилж, тохуурхахаа болих хэрэгтэй байна шүү дээ, энэ АН-ынхан.
Иргэд Ерөнхийлөгчийн сонгууль бас л иймэрхүү маягтай болох байх гэсэн л бодолтой болчихоод байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм байна
С.Давааням Арвайхээр сумын иргэн
-Төв талбайдаа иргэд жагсаж байгаа нь хувь хүний эрхийн асуудал. МАН-аас зохион байгуулж буй жагсаал гэж бодож байна. Энэ нь ч тухайн намын үйл ажиллагааны нээлттэй эрх хэмээн миний хувьд хүндэтгэн үзэж, бас зүгээр ч үгүй сонирхож явна.
2012 оны УИХ-ын сонгууль өмнө нь УИХ-д МАН олонх байсан үед батлагдсан хуулийн дагуу болсон.
Санаагаар болдог бол сонгуульд өрсөлдөж буй хүмүүс эд бараа, хоол хүнс тараахгүй, хуулиа баримталж, мөрдөж ажилласан бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан. Харамсалтай нь тэгээгүй. Тангараг өргүүлсэнгүй гээд байгаа хүмүүс чихэр жимс, архи, дарс тарааж байсныг өвөрхангайчууд бүгд мэднэ.
Яах вэ жагсаж, цуглах нь эрх хэдий ч үг, үзэл бодлоо өөрийнхөөрөө хэлж, ярих эрх чөлөөтэй байгаа нь сайхан байна.
Харин энэ дашрамд Увсын иргэдэд би атаархаж, бас баярлаж байна. Яагаад гэвэл тэд “энэ нөхөд мөнгө тарааж байна” гээд шударгаар хэлж, хуулийн хүрээнд асуудлыг шийдүүлж чадсан. Хэрвээ өвөрхангайчууд анхнаасаа Увсынхан шиг шударга байсан бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан.
Өнөөгийн нийгмээс айж байна
М.Бадамханд Арвайхээр сумын иргэн
-Өвөрхангай аймаг сонгуулийн 10 дугаар тойрогт сонгууль болдгоороо л болсон. Гэтэл эцэст нь ийм асуудал үүсчихлээ. Иргэдийн хувьд маш их хохиролтой байна. Бүтэн жил парламентад төлөөллөө оруулж чадахгүй, төсөв батлахад Өвөрхангайг төлөөлөх гишүүн байсангүй. Энэ бүхэн өнөөдөр бидний амьдралд хохиролтой байна. Ард түмний амьдралд дордож байгааг төр, засгийн удирдлагууд огт мэдэхгүй байна.
Өмнө нь бидний эцэг эхийн үед сонгуульд саналаа өгнө гэдэг нь тодорхой хэмжээгээр баярын үйл ажиллагаа мэт байсан. Тэд маань саналаа өгөх, өгчихөөд ирэхдээ их баяртай байдаг, төрд өөрийнхөө төлөөллийг оруулж буйдаа сэтгэл хангалуун байдаг байж.
Одоо бол санал өгснөөр юунд ч холбогдож, яаж ч мэдэхээр түгшүүртэй болж. Бид сонгууль өгөхийг эцэг эхээсээ сурч, суралцаж байсан. Харин одоо бид үр хүүхэддээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй хэмжээнд хүрчихээд байна. Эрдэм сурч, боловсролтой бол гэхийн оронд мөнгөтэй бол гэх үү. Хөрөнгө, мөнгөтэй байвал юуг ч яаж ч шийдэж болдог юм гэж хэлж, зааж сургах уу. Хэрвээ шударга, үнэн гэж байдаг юм бол өнөөдөр ялах л ёстой.
Үнэнийг хэлэхэд дараагийн сонгуулиас бол айж байгаа. Яах ч юм билээ. Ер нь сонгогчдын санал хэрэггүй юм бол бид заавал нэг өдөр санал өгөх нэрээр зорьж очих хэрэг байдаг ч юм уу даа.
Номын хүн гарахгүй, хөрөнгөтэй луйварчид нь л гардаг юм байна. Эсэргүүцэж байна, тэр гишүүдийг.