9 сарын 1-ний өдөр хүүхэд бүр сургуульдаа явж байхад 8 настай бяцхан охин 13-р хорооллын орон сууцан дунд бүтэн өдөр самар заран өнжжээ. www.ugluu.mn сайтын сэтгүүлчийг өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарахад байрны ойролцоо нь самар зарж байсан бяцхан охин орой ажлааааа харьж гэртээ ирэхэд аанай л самраа зарж байхыг харсан сэтгүүлчийн сэтгэл шимшрэн үзэг цаасаа шүүрэн авч охины сургуульд яваагүй шалтгааныг асуун түүнээс багахан ярилцлага авч сайтдаа оруулан олны сонорт хүргэснээр самар зардаг Зулаа охины талаар хүмүүс олж мэдэн түүнд туслах сэтгэлийн аян эхлэжээ.
Зулаа охины жинхэнэ нэр Батжаргалын Лхагвадулам, тэрбээр эцэг эх, 5 настай дүү охиныхоо хамтаар өнгөрсөн 3 сард Булган аймгийн Булган сумаас Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах сэтгэл өвөрлөн иржээ. Гэвч тэдэнд тогтсон орон гэр байгаагүйн улмаас орцны жижүүр хийн байрны гражийн буланд 2х1,5м хэмжээтэй шилэн хийцээр тусгаарласан жижигхэн “оромжинд” амьдарч, аав нь амьдрахын эрхээр бусдыг даган самарт явж, гэртээ 2 охиноо харж үлдсэн ээж нь орц цэвэрлэхийн зэрэгцээгээр нөхрийнхөө авчирсан самрыг цайруулан зарж, ингэхдээ орцны сахиул хийх ажлаа орхиод байнга самраа зараад байж болохгүйн эрхээр 8 настай ч өдийг хүртэл сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй том охиноороо самар заруулж байсан нь тэр юм билээ.
Хүний сайхан сэтгэлд хязгаар үгүй гэдэг. Сургуульд ороогүй бяцхан охинд иргэн Лхагвадэлгэр туслан Зулаа охинд хичээлийн хэрэгсэл авч өгөн 4-р сургуульд оруулсан бол Нийтийн дууны залуу дуучин Э.Болд, Б.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн шинэ цомгийнхоо нээлтийн үеэрээ Зулаа охины гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэсэн бол Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус нэгдэн Зулаа охины аав Батжаргалын гэр бүлд ихээхэн тус хүргэжээ. Тэд Батжаргалыг гэрээ барих айлын хашааг гарган өгч, өөрийг нь хамгаалалтын ажилд оруулан, Зулаа охиныг сургуулийг гэрийн нь ойролцоох Баянхошууны 76-р сургуульд шилжүүлэн суралцуулж, 5 настай дүүг нь 117-р цэцэрлэгт оруулж, ээж Очмааг удахгүй шинээр нээгдэх цэцэрлэгт үйлчлэгчээр оруулахаар болжээ.
Мөн СХД-ийн Залуучуудын холбооны залуус “Өгөх өдөр”-ийг угтан Батжаргалын гэр бүлд шинэ тавилга ор, хөнжил гудас, 1 сарын хүнсний хэрэглээ, 1 портер түлэх мод, 10 шуудай нүүрс, Зулаа охины хичээлийн хэрэгсэл, шинэ нотевүүк, дүүгийнх нь цэцэрлэгт шаардлагатай зүйлсийг бэлтгэн өгсөн сайхан мэдээллийг бидэнд дуулгалаа.
Монголчууд бид “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг дээ, ядарч зүдэрч яваа нэгэндээ туслах сайхан сэтгэл гаргаж, хөлс хүч, хөрөнгө мөнгө илүүчлэн байж Зулаа охины гэр бүлд тусласан хүмүүнлэг үйлст, нинжин сэтгэлт залуусдаа, мөн энэ ажлын анх санаачлан хэрэгжүүлсэн СХД-ийн Залуучуудын холбооны Хүмүүнлэг, эрүүл мэндийн байнгын хорооны дарга Д.Хишигбаатар нартаа Зулаа охины гэр бүлийн нэрийн өмнөөс болон www.ugluu.mn сайтын хамт олны зүгээс талархал илэрхийлье.
Та бүхний хэрэгжүүлсэн сайн үйлсийн хүчээр Монголын нэгэн гэр бүл орох оронтой болж, эрхэлсэн ажил төрөлд орж, үр хүүхэд нь сурч боловсрох бололцоо бүрдлээ.
Буяны цагаан мөр үргэлж гэгээн байг.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Сэтгүүлч Ц.Мөнхбаатар