Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгахыг үүрэг болголоо. Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
- Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эздийг тодруулж, “Хүүхдийн найрал дуу”-ны гала тоглолт, “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа, “Парад шоу”, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Нийслэлийн тугийг мандуулах арга хэмжээ, “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгууллаа.
- Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг энэ сарын 02-ноос 16-ны хооронд зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, ил задгай түлээ нүүрс, малын тэжээл, автомашины дугуйг хураалган үйл ажиллагааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч шийтгэвэрийн хуудсаар 3 аж ахуй нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.
- Улаанбаатар хотын замын хяналтын камер болон гэрэлтүүлгийн асалтад Улаанбаатар хотын цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа. Нэгдсэн удирдлагын “Тулга” системийн тусламжтайгаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд гэрэлтүүлгийн асалт 92.1 хувьтай байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах
- Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах
- Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг тус тус үүрэг болголоо.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС