Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан”-ын 35 жилийн ойн баяр өнгөрсөн баасан гаригт боллоо. Одоогоос 35 жилийн өмнөх энэ өдөр Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн санаачилгаар байгуулагдсан уг зусланг Орос, Монголын найрамдалт харилцааг билэгдэн “Найрамдал зуслан” хэмээн нэрийдсэн түүхтэй.
Уг баярын үйл ажиллагаа нь “Найрамдал 35” баримтат киноны нээлтээр эхэлсэн бөгөөд “Мөрөөдлийн хотхон Найрамдал” хүндэтгэлийн шугам жагсаал хийн А.И.Ц.Филатовагийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, “Найрамдал 35” хүндэтгэлийн концертоор үргэлжилсэн. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа хүндэтгэлийн концертыг нээн үг хэлж, “Найрамдал” төвд хүндэт өргөмжлөл гардуулсан юм. Энэ үеэр үе үеийн албан хаагчдадаа төр засгийн одон медалийг гардуулан шагналын хур буулгасан. Тодруулбал, “Алтан гадас” одонгоор “Найрамдал” төвийн орлогч захиралаар ажиллаж байсан Н.Пүрэвдагвгыг шагнасан бол “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цолоор Ц.Мягмар, ой хамгаалагч н.Жамц, Ц.Яблоко зэргийг тус тус шагнав.
Ойн баярын үеэр Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал, Гавьяат багш Т.Түвшин “Энэ өдрийг бид зөвхөн өнөөдрөөр хязгаарлахгүйгээр 2013 оныг бүхэлд нь ойн баяр гэж нэрлэж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш амарч байгаа хүүхдүүдтэйгээ хамтран ойгоо тэмдэглэж байгаадаа баяртай байна. Өнөөдөр авсан мэдээгээр 19 мянга 750 хүүхэд Найрамдал төвийн төрсөн өдрийн баярт оролцож түүний хамгийн идэвхтэй дэмжигч нь оролцогчид нь байсан гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.
Мөн тэд ирэх сарын 16-нд Олон улсын хүүхдүүдийн оролцоотой урлагийн том наадам хийж, 35 жилийн ойдоо бэлэг барих бөгөөд үе үеийн амрагчдынхаа хүсэлтээр “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ирлээ” дурсамж ээлжийг ирэх аравдугаар сард дахин нэг удаа хийхээр төлөвлөөд байна. Ийнхүү Шинэ жилийн сүлд модны “Харшийн наадам” хийснээр тус төвийн 35 жилийн ойн арга хэмжээ бүхэлдээ өндөрлөх юм байна.
З.Байгалмаа